Jump to content

Жимс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Манай оронд ургадаг зарим жимснүүд
Хүнсэнд хэрэглэдэг жимснүүд
Хүнсэнд хэрэглэдэг жимснүүд
Жимстэй сагс. Зураач Бальтазар ван дер Аст
Нимбэг. Зураач Бартоломео Бимби, 1715

Жимс гэдэг нь цэцэгт ургамлын цэцэгний тодорхой эдээс бий болдог зүйл юм. Жимс нь олон ургамалын хувьд үр тараах үүрэгтэй байдаг. Мөн олон төрлийн ургамлын үр жимсийг хүн, амьтад хүнсэнд хэрэглэж, үрийг нь тараангаа илчлэг олж авдаг симбиоз харилцаатай байдаг[1].

Жирийн хэрэглээнд жимс гэвэл алим, жүрж, усан үзэм, гүзээлзгэнэ, гадил зэрэг ургамлын түүхий байдлаар нь идэж болох үрийг ойлгоно[2].

Жимсийг бүтцээр нь үрт жимс, яст жимс, жимсгэнэ гэж ангилна.Жимс нь хүнсний ногоо, самар, үр тарианы ургамлаас ялгаатай.

Хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг зохицуулах, хүч чадлыг нэмэгдүүлэх, эрүүл чийрэг өсөж хөгжихөд жимс, жимсгэнэ нэн чухал. Хүн хоногт 300 гаас доошгүй, жилд 109—112 кг жимс, жимсгэнэ, түүний бүтээгдэхүүнээр хийсэн хүнс тэжээл, ундааны зүйл хэрэглэх шаардлагатай гэж эрдэмтэд үздэг байна.

Жимс, жимсгэнэ бол чихэрлэг ихтэй, олон янзын органик хүчил, бичил язгуур махбод, төрөл бүрийн витамин агуулсан байдаг учир хүнс тэжээлээс гадна эмийн үйлдвэрийн үнэт түүхий эд болно.

Монгол орны жимс жимсгэнэ

[засварлах | кодоор засварлах]

Манай оронд 60 гаруй зүйлийн зэрлэг жимсгэнэ ургадгаас нэрс, хад, үхрийн нүд, аньс, мойл зэргийн арав гаруй нь үйлдвэрийн түүхий эд болдог.

Монгол орны жимс, жимсгэнийг дотор нь өвслөг ургамлын: гүзээлзгэнэ, аньс, нэрс, цангис; мод бутлаг ургамлын: хад, бөөрөлзгөнө, тошлой, чацаргана, хармаг гэх мэт хоёр ангилна.

Эдгээрээс органик бодис, витаминаар баялагтай нь үхрийн нүд, тошлой, гүзээлзгэнэ, чацаргана юм. Үхрийн нүдийг «поливитамины эх булаг» гэж үзэж болох бөгөөд гүзээлзгэнээс тав дахин, бөөрөлзгөнөөс найм дахин, алимнаас арав дахин их витаминтай байдаг. Жимсгэнээр гэрийн нөхцөлд төрөл бүрийн амтлаг шүүс, зутан, чанамал хийж ашиглаж болно.

Бөөрөлзгөнө, хар нэрс, гүзээлзгэнэ, үхрийн нүд зэрэг жимс, жимсгэнэ нь зүрх мэдрэл, цусны даралт ихдэх, цус багадах, халуурах, чийгтэх зэрэг элдэв өвчинг анагаах эмэнд хэрэглэгдэнэ. Иймээс эдгээр жимсийг түүж эмийн санд тушаах, гэрийн эмийн сан байгуулж ашигладаг болохын тулд цэцэглэх, үр жимс бүрэн боловсрох, түүх хугацааг сайн мэддэг байх нь чухал юм.

1956 онд Сэлэнгэ аймгийн Шаамарын тохойд жимс-жимсгэнийн улсын станц байгуулж, төрийн шагналт Э.Шагдар мөн Л. Цэд-Очир нарын удирдлаган доор Сибирь нутгийн өлчирдүү, ургац сайтай урт, яст урт жимс, жимсгэнийн 40 гаруй сортыг тарьж, туршилтын ажил эхэлснээс хойш манай оронд жимст цэцэрлэг хөгжүүлэх өргөн боломжтой нь нэгэнт нотлогджээ. Одоо Ховд, Дорнод, Увс, Дархан-Уул аймгийн нутагт хийеэн туршилт судалгааны дүнд жимст цэцэрлэг хөгжүүлж үрт, яст үрт жимс, жимсгэнэ ургуулж байна.

Төрөл бүрийн жимс

[засварлах | кодоор засварлах]
  1. Lewis, Robert A. (January 1, 2002). CRC Dictionary of Agricultural Sciences. CRC Press. ISBN 0-8493-2327-4.
  2. Mauseth, James D. (April 1, 2003). Botany: An Introduction to Plant Biology. Jones and Bartlett. pp. 271–272. ISBN 0-7637-2134-4.
 Commons: Fruits – Викимедиа зураг, бичлэг, дууны сан