Jump to content

Боорчи

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Боорчи (монгол бичиг: ᠪᠣᠭᠣᠷᠴᠤ[1], галиг: Boγ̇orchu; ханз: 孛斡兒出[2], 博爾朮[3]; латин галиг: ​​Boγ̇orču[2], пиньинь: Bó ěr shù​) (XII зууны сүүл - XIII зууны эхний хагас) - Их Монгол Улсын баруун гарын түмтийн ноён, Чингис хааны хишигтэн цэргийн захирагч нарын нэг.

Боорчи бол арулад овгийн Наху баяны ахмад хүү юм. Боорчи хархан залуу насандаа Тэмүжинтэй танилцсан байна. Тухайн үед залуу Тэмүжин найман шарга адуугаа хулгайд алдсан ба тэрээр адууны хулгайчдыг хайж яваад аян замынхаа гурав дахь өдөр аавынхаа адууг хариулж явсан Боорчитой таарчээ. Боорчи Тэмүжинтэй нийлж хулгайлагдсан адуугаа буцааж авахад нь туслав.

Тэмүжин мандан бадарч эхлэхэд Боорчи түүний анхны нөхөр болсон бөгөөд түүний бүхий л үйл хэрэгт дэргэд нь байсан.

1199 онд Тэмүжин Ван хан, Жамуха нарын хамт Буйруг ханыг нэгдсэн хүчээр довтолж, түүнийг бут цохив. Гэр орондоо буцахад нь найманы цэргийн анги зам хаажээ. Өглөө тулалдахаар шийдсэн боловч шөнө нь Ван хан, Жамуха хоёр найманууд түүнийг дуусгана хэмээн найдаж Тэмүжинг ганцааранг нь үлдээн зугтав. Харин өглөө болоход Тэмүжин энэ тухай олж мэдсэн ба тулалдаанд оролгүй ухарлаа. Найманууд Тэмүжинг биш, Ван ханыг хөөж эхлэв. Хэрэйдүүд наймануудтай хүнд тулаанд орсон бөгөөд сөнөх мөхөх нь илэрхий болсон тул Ван хан Тэмүжинд элч илгээж тусламж гуйжээ. Тэмүжин өөрийн нөхдийг илгээсэн ба тэдний дундаас Боорчи, Мухулай, Борохул, Чулуун нар тулалдаанд онцгойрч байв. Өөрийг нь аварсны төлөө Ван хан ханлиг улсаа Тэмүжинд гэрээслэн үлдээжээ.

1203/1204 оны өвөл Тэмүжин хувийн харуул буюу хишигтэн цэргийг байгуулав. Энэ нь дөрвөн хэсэгт хуваагдаж, нэгнийх нь толгойд Боорчийг тавьсан ажээ. Үүнээс хойш Их Монгол Улс, Юань Улсын хишигтэн цэргийн дөрвөн ээлжийн ноёдын нэгэнд нь заавал Боорчи ноёны үр удам томилогдох болсон ба Боорчи ноёны дараа дүү Өгэлэн чэрби нь түүний дараах нэгэн ээлжийн захирагч болсон ажгуу.

Домогт өгүүлснээр 1206 оны Их хуралдайн үеэр Тэмүжин Чингис хаан хэмээн өргөмжлөгдсөн бөгөөд тэр өөрийн хамтрагчдад албан тушаал, эрх дарх хуваарилж эхлэхдээ Боорчийг мартсан дүр үзүүлжээ. Орой нь Тэмүжиний эхнэр Бөртэ түүнийг мартамхай байдлынх нь төлөө зэмлэхэд Тэмүжин Боорчид атаархагчдыг төөрөгдүүлэхийн тулд ийм үйлдэл хийсэн, Боорчи одоо ч хааны талаар муу үг хэлэхгүй гэж мэдэгдэв. Боорчийн өргөөнд илгээсэн тагнуулууд Боорчийн эхнэр хааны ач мэдэхгүй байгаад гомдоллоход нөхөр нь би хаанд зүтгэдэг нь талархлын төлөө биш, тэр ч байтугай намайг өчүүхэн бага хоол ундтай байлгасан ч (даже если его посадят на хлеб и воду - тэр ч байтугай намайг талх, устай байлгасан ч) зүтгэх болно гэж хариулсныг нотолжээ. Дараагийн өдөр нь хуралдай дээр Тэмүжин Боорчийг бүгдийн дээр тавьж, баруун гарын цэргүүдийн удирдагч болгосоноо зарлан тунхагласан байна.[баримт хэрэгтэй]

Боорчи баруун гарын цэргийн удирдагчийн хувьд Чингис хааны бүх аян дайнд оролцсон. Хорезмыг байлдан дагуулах үеэр, 1220/1221 оны өвөл Монголын цэрэг Самаркандаас өмнө зүгт өвөлжих үед Боорчийг Чингис хааны хөвгүүдийн хамт Ургенчийг эзлүүлэхээр илгээж байв.

Боорчи ноён хэдэн онд нас барсан нь тодорхойгүй ч түүний ургийн хөвүүд, ач нар үе улиран монгол хаад ноёдын итгэмжит сайд түшмэд болж, чухал албан тушаалд томилогдож байжээ.

Боорчи ноёны хөвгүүний нэрийг "Юань улсын судар"-т Болуантай (孛欒台[3]), Рашид ад-Дины бичсэн "Судрын чуулган"-д Буралтай[4] гэж хоёр янзаар бичсэнийг Зүчийн улсын Бэрх ханы үеийн Бурундай жанжин мөн гэж түүхчид үздэг. Бурундай жанжинд олон хүүхэд байснаас Зарга шийтгэх яамны сайд Үзтөмөр[4], түмтийн ноён Жиргамиш[4], Мөнх хааны баруун гарын их жанжин Балчиг[4][5] гэх гурван хүүгийн нэр түүхэнд тодорхой буй. Үзтөмөр нь Мулаху, Туолиан, Тогтога гэх хоёр хөвүүнтэй байсан. Мулаху ноён Хүлэгү хааны үед "Гуанпин ван" (廣平王) цол хүртэж, Мулаху ноёны өвөг дээдэст уг цолыг үе улиран нэхэж хүртээжээ. Мулаху ван Аруд гэх хөвүүнтэй байжээ.

Боорчи И.К.Калашниковын "Догшин жаран" ("Жестокий век") (1978) романы дүр болжээ.

  1. Монголын нууц товчоон (Монгол бичиг хэлээр). Translated by Ихмянгадай, Ринчин. Хөх хот: Өвөр Монголын их сургуулийн хэвлэлийн хороо. 1987. p. 59.{{cite book}}: CS1 maint: unrecognized language (link)
  2. 2.0 2.1 "Монголын нууц товчооны Ширатори Күракичигийн япон орчуулга". ja.wikisource.org (япон хэлээр). Татаж авсан: 2024-03-20.
  3. 3.0 3.1 宋, 濂 (1976). 元史 (хятад хэлээр). Vol. 10. 北京: 中華書局. pp. 2945–2947.
  4. 4.0 4.1 4.2 4.3 Фазлуллах, Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 1. Translated by Ц, Сүрэнхорлоо. Улаанбаатар. p. 125.
  5. "Юань улсын судар: 3-р дэвтэр - Мөнх хааны цадиг". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-03-20.