Судрын чуулган
Судрын чуулган буюу “Шашдирын чуулган” (Араб: جامع التواريخ; Перс: جامعالتواریخ) бол XIV зууны үед 1301-1311 онд бүрэн дуусгаж бичигдсэн түүхийн зохиол юм. Энэ зохиолыг Персийн эмч, эрдэмтэн Рашид ад-Дин тэргүүтэй эрдэмтэд бичжээ. "Судрын чуулган"-д Чингис хаан болон түүний удмынхны түүх голлон бичигдсэн бөгөөд монголчуудын захиргаанд орсон олон нүүдэлчин аймгийн түүх мөн энд орсон байдаг ажээ.
Монголын эзэнт гүрний түүхийн сурвалжийн гол бүтээлийн нэг нь Рашид ад-Диний “Жами ат-таварих” /Jami’u’t- Tawarikh/ буюу "Судрын чуулган" болно. Юань улсаас тусгайлан уригдан ирсэн Болд чинсан зэрэг Монголын түүхийн өргөн мэдлэгтэн, бусад үндэстний түүхч нар оролцон хамтран уг зохиолыг бичиж туурвижээ. “Судрын чуулган” нь “Монголын нууц товчоон”-д дурдагдаагүй олон зүйлийг дурдсан байхаас гадна тус сурвалжийн мэдээ зэнги батлан өгүүлсэн байдаг нь эдүгээг хүртэл олдоогүй “Алтан дэвтэр” мэт сурвалжийн талаар дурдсан байдгаараа үнэ цэнтэй билээ. Энэхүү зохиол нь олон зохиогч, бичгийн түшмэд нар хамтран бичсэн хамтын бүтээл гэж үнэлэгддэг төдийгүй дэлхийн түүхийг бичих анхны томоохон оролдлого байсан юм.
Газан (1294-1304) Хасан хааны зарлигаар монголчуудын уламжлалт эрдэм мэдлэг, түүхийг үлдээх зорилгоор өөрийн сайд Рашид ад-Динд үүрэг болгон Чингис хаан ба түүний үр удам угсааны талаар бичих даалгавар өгсөнд “Ерөөлт Газаны түүх” нэрт зохиол бичигдэж эхэлсэн гэдэг. Энэ нь өргөжсөөр бидний өнөөгийн мэдэх “Судрын чуулган” зохиолын цөм болсон юм.
“Судрын чуулган” зохиол нь Өлзийт хааны үед бичигдэж дууссан байдаг. Зохиолын баримтуудын ихэнх нь монгол хаадын дэргэд ордонд он удаан жил ажилласан хүмүүсээс сонссон зүйл, уйгур, хятад, төвөд, энэтхэг, түрэг, араб, еврей, христийн шүтлэгтэн зэрэг гүн ухаантан, шашны судлагч нар, түүхч хүмүүсээс сонссон, холбогдох номноос орчуулуулсан зүйлүүдээс бүрддэг.
Эл зохиолыг буюу Монголын түүхийг бичиж дуусгасных нь төлөө Өлзийт хаан муж бүрээсээ хоёр тосгон өгсөн. Мөн 20 түмэн динараар шагнаж байжээ. Монголын түүх төдийгүй дэлхийн түүхийг бичих гэсэн анхны оролдлого энэ болж байсан гэж эрдэмтэд үздэг.
Энэ зохиолын зарим хэсгийг перс, цагадай хэлээр бичигдсэн гэгддэг ба хожим зарим хэсэг нь араб хэлээр орчуулагдсан байна. Бидний үеийг хүрсэн хоёр хувилбар байгаагийн 1306-1307 оны хооронд бичигдсэн эхний хувилбар нь гурван ботиор, 1310 онд бичигдсэн дараах хувилбар нь дөрвөн боть болон хэвлэгдсэн байна.
Судрын чуулганы нэгдүгээр ботийн монголчуудтай холбогдох хэсгийг E.M.Quatremere франц хэл рүү (1836), И.Н.Березин орос хэл рүү (1858, 1868, 1888) орчуулан хэвлэж байсан. Мөн орос хэл рүү 3-р ботийг Альфред Арендс 1939 онд, 1-р ботийг 1952 онд Лев Александрович Хетагуров, 2-р ботийн орчуулгыг Ольга Ивановна Смирнова 1960 онд орчуулан хэвлэж байсан. Англи хэл рүү Ж.А.Бойл (1971), У.М.Тэкстон (1999), мөн турк, хятад, солонгос, япон хэлээр орчуулагдан гарчээ.
"Судрын чуулган"-ыг орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт Ц.Сүрэнхорлоо 2002 онд хийж, англи хэлнээс Готовын Аким (2013, 2016) “Шастирын чуулган”-ыг Англи хэлнээс орчуулж хэвлэгдсэн нь Монголын түүхийн судалгаанд чухал нэгэн алхам болсон юм.
“Судрын чуулган”-ыг туурвихад олон улсын түүхчид оролцсоны дотор монгол түүхчид, ялангуяа Хубилай хааны зарлигаар томилогдсон түүхч Болд чиньсан гол үүрэг гүйцэтгэжээ. Энэхүү гайхамшигт бүтээл ”Монголчуудын түүх”, “Дэлхийн түүх”, “Газар зүйн толь” гэсэн гурван хэсгээс бүрддэг. Харамсалтай нь он цагийн эргэлтэд сүүлийн хэсэг нь үрэгдэж устсан байна.
“Судрын чуулган”-ы бүх зургийг монгол зураач, урчууд хийсэн ба перс хэлээр бичигдсэн уг зохиолыг голлох хэлнээ орчуулсан ч монгол хэлнээ орчуулагдаагүй байгаа аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны зургадугаар сарын 11-нд Туркийн Ерөнхийлөгч Б.Гүлд захидал бичиж, энэхүү түүхэн эх сурвалжийн хуулбарыг авах хүсэлт тавьж “Судрын чуулган”-ы эхийг үзэж, дижитал хуулбарыг нь Истанбул дахь Топкапи ордон музейн захирал Халук Дурсунаас 2012 оны 9 дүгээр сард хүлээн авсан юм.