Jump to content

Чингисийн чулууны бичиг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Чингисийн чулууны бичээсийн дардас

Чингисийн чулууны бичиг- Уйгуржин бичиг, Монгол хэлээр бичиж үлдээсэн хамгийн эртний дурсгал. Эдүгээ Оросын Санкт-Петербург хотын алдарт Эрмитаж музейд хадгалагдаж буй гэрэлт хөшөө чулууны бичээс юм.

Монголчууд Хорезм улсыг байлдан дагуулсан аян дайнаас буцах замдаа Эрчис мөрний эрэгт Их Монгол улсын ноёдын хуралдай хуралдуулан өргөн дэлгэр хурим найр хийсэн аж. Хуралдайн үеэр Есүнгэ /1190-1270/ мэргэн 335 алд газарт бай харван оножээ. Түүний энэхүү хосгүй мэргэн харвасан алдрыг нь дуурсган хөшөө дурсгал босгосон нь хожмоо “Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршсан билээ. Ингэж нэрлэх болсон учир гэвэл бичээсийн тэргүүнд Чингис хааны нэрийг мөр тэтгэн бичсэн байдагтай холбоотой.

Чингис хааны нэрийг дээд мөрнөөс, Есүнгэ мэргэний нэрийг арай доороос, бусад үгийг түүний доод түвшингээс эхлэн бичсэн байдаг нь 13-р зууны эхэн үед монгол албан бичгийн гол ёс болох мөр тэтгэн бичих зарчим хэдийн хэвшин тогтсон байсныг гэрчилнэ. Бичээст Есүнгэ мэргэний гайхалтай хол харваж, мэргэн оносон тухай тухай өгүүлэх тул судалгааны бүтээлүүдэд “Есүнгэгийн чулууны бичиг” гэх болжээ.

Гэрэлт хөшөөг 1224/ 1225 оны үед босгосон гэж судлаачид үздэг. 

Энэ түүхийн дурсгалт бүтээлийг оросын түүхч, Сибирь судлаач Григорий Спасский /1783-1864 / Монголын эзэнт гүрний үед Есүнгэгийн сууж асан Хархираа хотын тууриас олсон тухай "Сибирский вестник" сэтгүүлд 1818 онд анх тайлбарлан бичжээ. Улмаар  5 мөр, 21 үг бүхий уг гэрэлт хөшөөг Нэрчүүгийн чулууны үйлдвэрт хүргэж, 1832 онд Нэрчүүгийн чулууны үйлдвэрээс Петербург хотноо шилжүүлж, олон нийтэд дэлгэн үзүүлжээ.

Хадан дээр: “Чинггис хан-и сартагул иргэн дагулижу багужу хамуг монггол улус-ун нойод-и буга сочигай хуригсан-дур Есүнггэ ононодур-ун (онохдоо гэсэн утга) гурбан загуда гучин табун алдас-дур (тоогоор зохицдог байсны баталгаа) ондудла-га(онолоо)”

“Чингис хааныг Сартуул иргэдийг дайлан мордож бууж хамаг монгол улсын ардыг Буга сочухайд хурсанд Есүнгэ 335 алдыг онолоо” гэж бичсэн ажээ.

Петербург дахь "Чингисийн чулуу"

Эрдэмтдийн тооцоогоор энэ дурсгал нь 1224-1225 оны хооронд бичигдсэн бөгөөд тэр үеийн монголын сур харваачийн ур чадвар, амжилтыг мэдээлж, 1 алдыг тэр үеийн монголын дундаж эрчүүдийн алдалсан гарыг хэмжээгээр 160 см гэж үзвэл, ойролцоогоор 536 метрийн зайнд харважээ гэж үзжээ.

Есүнгэ мэргэний эцэг Хасар /1164-1213/ Их Монгол улсыг байгуулахад онцгой гавьяа бүтээсэн бөгөөд түүхэнд гарамгай жанжин, мэргэн харваач, эгнэшгүй хүчтэнээр тэмдэглэгдэн үлджээ.

   Тухайлбал Монголын нууц товчоонд “ Өүлэн эх... Хасар минь хав хүч эрдэмтэй тул 

   Харавцаж гарсныг

   Харван оруулах бөлгөө

   Ойлон гарсныг

   Онтдож оруулах бөлгөө...” /244 зүйл/ хэмээсэн буй.

   Хасарын удмынхны дундаас хамгийн алдартай нь түүний орыг залган суусан хоёрдугаар хөвгүүн Есүнгэ билээ. 

1930-аад он хүртэл монголч эрдэмтэн академич Шмидт, багш Ваанчиг, Б.Дорж, И.Клюкин, С.Мураями, Ч.Дамдинсүрэн, Ш.Бира, Хар Үхэрт Д.Жамсранжав, Б.Ринчен нар янз бүрээр уншиж тайлбарлаж байв.