Jump to content

Цөлжилт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Намиби улс дахь Намибийн цөл

Цөлжилт гэдэг нь ургамлаар бүрхэгдсэн газар үржил шимгүй болон хувирах үзэгдлийг хэлнэ. Энд буй цөл гэдэг нь ургамал ургах болон газар тариаланд тохиромжгүй газар нутгийг хэлж буй утга нь хүчтэй бөгөөд хатаж гандсан газар нутгийг илэрхийлэх цөлийн уур амьсгалд ордог цөл гэдэгтэй бага зэрэг ялгаатай. Гэхдээ ургамлан бүрхэвчгүй болсон газар нь яваандаа цөлийн уур амьсгалтай болох төлөвтэй байдаг.

Цөлжилтөд хуурай бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлт гэх мэтээс үүдэх байгалийн үзэгдэл нөлөөлөх боловч орчин үед нийгмийн тулгамдсан асуудал болоод буй цөлжилт гэдэг нь хүн төрөлхтний үйл ажиллагааны улмаас болж буй үзэгдэл бөгөөд дэлхийн дулаарлаас шалтгаалж буй гэж үздэг. Мөн хөрсний эвдрэл нь цөлжилтийн нэг шалтгаан болно.

Дэлхийн цөлжилтийн газрын зураг

НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцод цөлжилтийг “хуурай, хагас хуурай ба гандуу, чийг дутмаг нутаг дэвсгэрт цаг уурын өөрчлөлт болон хүний үйл ажиллагаатай холбоотой олон янзын хүчин зүйлээс үүдэлтэй газрын хөрсний доройтол” гэж тодорхойлсон байна.

Хөрсний алдагдал гэдэг нь үржил шим бүхий, газар тариалан эрхлэхэд тохиромжтой хөрс бороо, үерийн улмаас урсан одох үзэгдэл бөгөөд Энэтхэг, Ойрх Дорнод, Шар мөрний тэгш өндөрлөг зэрэг газруудад болж буй.

Давсжилт гэдэг нь газрын хөрсөн дэх давсны эзлэх хувь ихсэж, ургамал ургах боломжгүй болох үзэгдэл. Энэ нь газрын гүний ус усжуулалт болон байгалийн хүчин зүйлийн улмаас газрын гадарга дээр гарч ууршин, эрдэс давс нь ууршилгүй үлдсэний улмаас бий болно. Давсжилт явагдсан газар цемент шиг хатуу болж хагарна.

Элсжилт гэдэг нь ойр орчимд байсан элс нүүж, шинэ газарт очин цөл болгохыг хэлнэ.

Монгол дахь цөлжилт

[засварлах | кодоор засварлах]

Монгол улсын нутгийн өмнөд хэсэгт орших Говьд цөлжилт эрчимтэй явагдаж, цөлийн бүс нь хүрээгээ хойш тэлсээр буй. Тус улсын гандуу бүс нутагт 1940 оноос хойш 3800 ам км талбай шинээр элсэжсэн ажээ. Үүний 870 гаруй ам км нь зөвхөн Монгол элсний урд зах, Хүйсийн говийн дагуух нутагт шинээр үүссэн элс юм.

2017 оны байдлаар цөлжилт илрээгүй нутаг 14.3%, сул илэрсэн нутаг 10.7%, дунд зэрэг илэрсэн нутаг 34.0%, хүчтэй илэрсэн нутаг 24.3%, маш хүчтэй 16.7% болоод байна.

Өөрөөр хэлбэл, Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 75 гаруй хувь нь дундаас дээш зэрэглэлийн цөлжилтөд өртсөн байна. Үүнээс хүний буруутай үйлдэл 87%, байгаль дэлхий 13%.

Цөлжилтөд хүргэх хүчин зүйлүүд (хүний шууд нөлөө)

[засварлах | кодоор засварлах]

Цөлжилтөд хүргэх хүний үйл ажиллагаанд дараах үйл ажиллагаа голлон хамаарна. Үүнд:

  • Эмзэг ба элэгдэл эвдрэлд өртөмтгий нутгийг газар тариаланд ашиглах
  • уриншийн үеийг бууруулан хөрсний байгалийн тэжээлийн бодисыг хомсдуулах
  • Бэлчээрийг талхлах
  • Модлог ургамлыг гол төлөв түлшний зориулалтаар огтлох
  • Бэлчээрийг сэргээх, ан агнах, газар тариалангийн газрын хэмжээг тэлэх зэрэг зориудаар түймэр тавих
  • Хөрсний бүтцийг доройтуулах хүнд машин техник, зохисгүй технологийг газар тариаланд нэвтрүүлэх
  • Хөрсний үржил шимийг бууруулах хэт тариалалт, монокультур зэрэг хөдөө аж ахуйн зохисгүй арга хэрэглэх
  • Голын голдирлыг өөрчлөх зэрэг усны нөөцийг зохисгүй ашиглах
  • Давсархаг хөрсөнд усалгаатай газар тариалан нэвтрүүлэх
  • мод ургамал тайрах
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Цөлжилт – Энэ үгийг тайлбар толиос харна уу