Jump to content

Сэр (цол)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сэр (англи. sir ← эрт. франц. sieur «ноён, эрхэм» ← лат. senior «ахлах») — Англи хэлтний ертөнцөд эрэгтэй хүний нэрийн урд хэрэглэдэг хүндэт цолыг илэрхийлдэг угтвар үг юм.

Нэгдсэн Вант Улсад Эзэн хааны хувийн одонтой (англи. Knight Bachelor), үе дамждаг баронет цолтой (англи. Baronet; товчлол Bart,эсвэл Bt), эсвэл рыцарь баатрын зэрэгтэй хүмүүсийн нэрийн өмнө ордог угтвар юм. Англи хэлээр энэ нь том үсгээр (Sir) бичигддэг бөгөөд зөвхөн нэр (овог хэрэглэхгүй, жишээлбэл, Сэр Пол) эсвэл бүтэн овог нэртэй (Сэр Уолтер Скотт) хамт хэрэглэгддэг. Харин зөвхөн овгийн өмнө ашиглах нь буруу (сэр Маккартни гэж хэлж болохгүй). Англи хэлээрх бичвэрүүдэд (ялангуяа Британид) "Сэр" гэдэг угтвар үгийг баатрууд, баронетуудын нэрд тогтмол ашигладаг. Дээрх цолтой эмэгтэйчүүдийн нэрийн өмнө Дам (Dame) гэдэг үгийг ашигладаг, харин Сэр цолтой хүний эхнэрийг овогтой хослуулан "хатагтай" гэж нэрлэдэг (жишээлбэл, Сэр Пол Маккартнигийн эхнэр бол хатагтай Маккартни юм).

Хүнд хандах үед

[засварлах | кодоор засварлах]

Англи хэлээр ярьдаг ертөнцөд эрэгтэй хүнд, ихэвчлэн өөрөөс нь ахлах цолтой офицер (цагдаа, галын хэлтэс, зэвсэгт хүчин, хагас цэрэгжүүлсэн хүчнийхэн), эсвэл нөгөө хүнийхээ нэрийг мэдэхгүй байгаа тохиолдолд эелдэг байдлаар хандахдаа хэрэглэдэг байна. Энэ үед ихэвчлэн жижиг үсгээр бичдэг, sir: «тийм ээ, сэр» эрхэм ээ, "Сайн байна уу сэр" гэх мэт. Эмэгтэй хүнд тохирох үг нь "мадам", madam (товчоор— мэм, ma’am) юм.