Мэйжийн Үндсэн хууль
Японы эзэнт гүрний анхны үндсэн хууль (Япон: 大日本帝國憲法, Dai-Nippon Teikoku Kempo, орчин үеийн ханзаар: 大日本帝国憲法) буюу Мэйжийн Үндсэн хууль (Япон: 明治憲法, Meiji Kempo) нь 1890-1947 онд хэрэгжиж байсан, Японы анхны Үндсэн хууль юм. Энэ хууль нь Эзэн хааны болон гүйцэтгэх засгийн эрх зүйн байдлын үндсийг тодорхойлохоос гадна Япон улсын иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөг тогтоож, төрийн байгууллагуудын тогтолцоонд хууль тогтоох эрх мэдэл бүхий хоёр танхимтай парламент бөгөөд хараат бус шүүх байгуулсан байна. Уг Үндсэн хуулийн дагуу хоёр танхимтай парламентын доод танхимыг иргэдээс сонгодог байхаар тогтсон онцлогтой байсан.
1889 оны 2 дугаар сарын 11-нд батлагдсан Үндсэн хууль нь Мэйжийн шинэтгэлийн үеэр хийсэн хамгийн чухал улс төрийн цогц шинэчлэлийн нэг болсон юм. Барууны орнуудын загвараар улс орноо шинэчлэх ерөнхий үзэл санааны дагуу Европын орнууд, түүний дотор Прусс бөгөөд Германы бусад мужуудын үндсэн хуулиуд тус Японы анхны Үндсэн хуулийн агуулгад маш их нөлөө үзүүлсэн юм.
Энэхүү Үндсэн хуулийн товч, хууль эрх зүйн бүхий л салбарыг хамарч чадахгүй эх үүсвэрийн үүргийг хэсэгчлэн гүйцэтгэж байсан тул тодорхой хэмжээгээр улс төрийн тунхаглал хэлбэртэй байж, үүссэн нарийн асуудлын зохицуулалтыг бусад хууль тогтоомж болон Эзэн хааны зарлигуудаар гүйцэтгэж байжээ.
Мэйжийн Үндсэн хуулийг баталснаар Япон улс Үндсэн хуульт засаглалын хэлбэрийг нэвтрүүлж, төлөөллийн ардчиллын үндэс суурийг тавьсан Азийн хоёр дахь орон (Османы эзэнт гүрний дараа) болсон байна. Эзэн хааны эрх мэдэл, парламентын эрх мэдлээс харьцуулшгүй илүү бөгөөд Үндсэн хуулиас гадуур институцүүдийн нөлөө өргөн байсан хэдий ч анхны Үндсэн хуулийн хэм хэмжээ нь Тайшо эриний үед Японы төр, нийгмийн тогтолцооны ардчиллыг нэмэгдүүлж, улам либералчлах механизмын нэг болсон юм. Үүнд анхны намуудын тогтолцоог байгуулж, бүх нийтийн сонгуулийн эрхийг анх нэвтрүүлсэн нь иргэдийн эрх, эрх чөлөөний талаар олон зуун жилийн түүхтэй хамтын дэг журамтай уламжлалт нийгэмд чухал алхам болсон гэж үзнэ. Үүний зэрэгцээ, Үндсэн хуулийн товч байдал болон эрх зүйн зохицуулалтын цоорхой шинж чанаруудаас шалтгаалан Японы 1930-аад оны цэргийн дэглэмийг бий болгоход саад тотгор болж, эрхийн хязгаарлалт болж чадаагүй юм.
Зорилго
[засварлах | кодоор засварлах]1870-1880-аад онд хийсэн шинэтгэлийн гол зорилго нь Үндэсний төвлөрсөн нэг улс байгуулах явдал байв. Эхний алхам бол Төрийн бүрэн бүтэн байдал, газар нутаг, хүн амыг захирах эрх мэдлийг Эзэн хааны гарт эргэн төвлөрүүлэх, хоёрдугаарт, Эдогийн феодалын эрин үеэс өвлөн үлдсэн хуучин засаг захиргааны тогтолцоог бүр мөсөн халж Төрийн төвлөрсөн шинэ захиргаа бий болгох байлаа. 1889 онд Японы эзэнт гүрний анхны Үндсэн хууль батлагдаж улмаар 1868 оноос эхлүүлсэн Мэйжийн эрин үеийн бүх өөрчлөлтийг хууль ёсны дагуу бэхжүүлэн баталгаажулсан нь төрт ёсыг шинэчлэх эцсийн гол алхам болсон.
Барууны орнуудын Төрийн засаглалын зарчмуудыг багтаасан бичмэл Үндсэн хууль бий болгох санааг шинэтгэлийн эхний жилүүдэд боловсруулж эхэлсэн ажээ. Үндсэн хуулийг батлах нь улс төр, хууль эрх зүйн ээлж дараалсан шинэчлэлийн сүүлийн үе шат байсан юм. Кидо Такаёошигийн оролцоотой боловсруулсан Таван зүйлийн Тангаргийг 1868 оны 4 дүгээр сарын 6-нд Киото хотноо залуу Эзэн хаан Мэйжи ордны язгууртнууд ба феодал ноёдын дэргэд өргөсөн юм. Уг Тангараг таван зүйлээс бүрдсэн бөгөөд ерөнхийдөө цаашдын ирээдүйн засаглалын зарчмуудыг тодорхойлж, шинэчлэлийн бодлогыг тунхагласан юм: "ерөнхий зөвлөлдөх" зарчмаар төрийн хэргийг шийдвэрлэх (1-р зүйл), бүх эрх баригчид үг хэлэх эрхтэй, бүх иргэд дээр тулгуурласан нийгмийн бүх давхаргын хувийн бизнес эрхлэлтийг дэмжих. (2 ба 3-р зүйл), бүх буруу уламжлалт хэвшлийг халж, хууль цаазыг сахих (4-р зүйл), дэлхий дахинаас хэрэгцээтэй мэдлэгийг нэвтрүүлэх (5-р зүйл). Энэхүү тунхаглалын мөн чанар нь гадаад, дотоод бодлогод олон нийтийн санаа бодлыг тусгаж байх, мөн засаг захиргааны удирдлагын тулгуур багана нь зөвхөн цэргийнхэний төдийгүй бүх япончууд байх болно гэж мэдэгдэлд тусгасан байна. Баримт бичгийн ерөнхий байдлаас болоод түүнийг янз бүрээр тайлбарлах боломжтой байв. Тухайлбал, 1-р зүйлд парламент байгуулах тухай тодорхой дурдаагүй боловч хүн амын янз бүрийн давхарга оролцох төрийн байгууллагыг байгуулах шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрсөн байх жишээтэй. Ийнхүү Мэйжийн Засгийн газар 1868 онд Японы нийгмийн бүх талыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн Таван зүйлийн тангараг нь ирээдүйн төлөөллийн тогтолцооны зарим баталгааг аль хэдийн агуулж, улмаар парламентын Хаант засаглал байгуулах хамгийн дээд амлалт болсон гэж үзсэн болно.
Өөрийгөө тусгаарлах Төрийн бодлого нурсны дараа Японы нийгэмд барууны байгалийн эрх зүй, гэрээт нийгэм, ард түмний бүрэн эрхт байдлын үзэл санаа илүү тархаж эхэлсэн байна. Накаэ Чоомины орчуулгын ачаар Ж.Руссогийн бүтээлүүд их алдартай болсон; Ж.Миллягийн үзэл дээр тулгууралсан Фүкүзава Юкичигийн бүтээлүүд сонирхол татсан юм. Мори Аринори Японд Үндсэн хуулийн хаант засаглал ба парламентын байгууллагуудыг нэвтрүүлэх санал дэвшүүлж байжээ. Мэйжийн шинэтгэлийн үйл явдлаас өмнө Ниши Аманэ Европын загварын Үндсэн хуулийн төслийг боловсруулсан байжээ. Дипломатч Канэко Кэнтаро Англид байх хугацаандаа Г.Спенсертэй улс төр, захиргааны асуудлаар удаа дараа зөвлөлдөж байжээ. 1870 онд Засгийн газрын зөвлөх Ито Хиробүмиг АНУ-ын улс төрийн бүтэцтэй танилцахаар Вашингтонд илгээж, Америкийн үндсэн хууль, “Холбооны тэмдэглэл”-ийг судлуулж байжээ. Барууны сэтгэгчдийн бүтээлүүдтэй танилцах, түүнчлэн дипломат төлөөлөгчийн газрууд, гадаад аялал жуулчлал (үүнд 1862 онд Япон залуучуудын анхны бүлгийг гадаадад сургахаар илгээсэн) зэрэг нь боловсролтой тэргүүний япончуудын оюун санаанд улс орны шинэчлэл нь хүний эрхийг хүндэтгэх, олон нийтийн төлөөлөлтэй холбоотой гэх нөлөө үзүүлсэн байна.
1873 онд Японы нэрт төрийн зүтгэлтэн Оокүбо Тошимичи Засгийн газрын төлөөлөгчдийн хамт Европ, АНУ-д айлчилж ирээд Япон улс Өрнөдийн хүндлэл хүлээх, өөрийн орны хуваагдмал байдлыг арилгах Үндсэн хууль батлах боломжтойг харуулсан нийтлэлээ хэвлүүлжээ. Үүнээс гадна тэрбээр олон нийтийн оролцоог тодорхой түвшинд нэмэгдүүлснээр улс орны тогтвортой байдалд ихээхэн хувь нэмэртэй гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Хаант засаглал, төрийн эрх мэдлийг эрх зүйн үндэстэй болгон нэгтгэсэн Засгийн газар нь ард түмнийг удирдах ёстой хуулийг Оокүбо "Төрийн хууль" гэж нэрлэж байжээ.
Японы нийгэм Үндсэн хуулийн асуудлыг дэмжсэн болон дэмжихгүй гэсэн хоёр хэсэгт хуваагдсан байсан хэдий ч Засгийн газар олон нийтийн санаа бодлыг сонсох шийдвэр гаргасан юм. 1874 оны 5 дугаар сарын 2-нд Эзэн хаан Мэйжи үг хэлэхдээ "Олон нийтээр хэлэлцүүлсний үндсэн дээр хууль тогтоомж баталж байх тухай бүх үндэстний төлөөлөгчдийн уулзалт"-ыг байгуулж буйгаа зарласан байна. Ард түмний төлөөлж "орон нутгийн гол албан тушаалтнуудыг" хуралдуулах буюу орон нутгийн албан тушаалтнууд, төрийн байгууллагын төлөөлөгчид “ард түмний санааг илэрхийлэх” болжээ.
1875 оны 1 дүгээр сард Осака хотод Үндсэн хуульт засаглалын хэлбэрт аажмаар шилжих зарчмуудын талаарх хуралдаан болжээ. Энэ уулзалтад Кидо Такаёши, Оокүбо Тошимичи, Ито Хиробүми, Итагаки Тайсүкэ, Иноүэ Каорү нарын Засгийн газрын болон сөрөг хүчний удирдагчид оролцов. Ито төлөөлөгчийн засаглалыг нэн даруй нэвтрүүлэхийг шаардсан нэг бүлгийн хүсэл, нөгөө нь ард түмэн олон нийтийн ажилд оролцох боломжтой боловсролын түвшинд хүртэл статус-квог хадгалахыг эрмэлзсэн хоёрын хооронд харилцан буулт хийхийг санал болгосон байна. Үүний үр дүнд улс төрийн шинэчлэлийг хэрэгжүүлэх талаар тохиролцоонд хүрч 1875 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Засгийн газрын дотоод засаглалыг өөрчлөх тухай Эзэн хаан зарлиг гарчээ. Эзэн хааны энэхүү зарлигийн дагуу Төрийн зөвлөл (Дайжоокан) -тай хамт Сенат (Гэнроо-ин), Дээд Шүүхийн танхим (Дайшин-ин) байгуулжээ. Гэнроо-ин "шинэ болон өнөөгийн мөрдөж буй хуулиудыг шинэчлэхтэй холбооотой асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах" үүрэг хүлээсэн байна.
Язгууртнууд, ажиллаж буй болон хуучин албан тушаалтнууд, төрд гавьяа байгуулсан хүмүүс, түүнчлэн хууль эрх зүй, улс төрийн мэдлэг, туршлагатай хүмүүсээс Эзэн хаан Гэнроо-иний гишүүдийг томилж хуралдуулдаг байжээ. Эзэн хааны зарлигаар Дайжоокангаас бүх хуулийн төслийг Гэнроо-ин руу илгээдэг ажээ. Гэнроо-ин Эзэн хаанд хууль тогтоомжийн шинэчлэлт, байгаа хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар зөвлөгөө өгөх, Ерөнхий сайд эсвэл Дайжоокангийн гишүүнийг түүний хуралдаанд оролцуулах, хууль тогтоох асуудлаар өргөдөл хүлээн авах эрхтэй байжээ.
1876 оны 9 дүгээр сарын 1-нд Эзэн хаан Үндсэн хуулийн төсөл боловсруулах тухай зарлиг гаргажээ. Хуулийн төсөл боловсруулах нь Гэнроо-иний эрхлэх үндсэн ажил учраас түүнд даалгасан ажээ. Улмаар дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй Комисс байгуулагдаж 1876, 1878, 1880 онуудад Үндсэн хуулийн гурван төслийг Эзэн хаанд өргөн барьсан байна. Комиссын гишүүд уг төслүүдийг боловсруулахдаа Прусс, Австри, Дани улсын Үндсэн хуулиудад тулгуурласан гэдгээ дурдаж байжээ.
Гэнроо-ин буюу “Сенат” Үндсэн хуулийн төслүүдийг Эзэн хаанд өргөн барьсны дараа тэрээр өөрийн багш Мотода Эйфүд төслүүдийг өгч саналаа өгөхийг хүсдэг байжээ. 1878 оны төсөл дэх шашин шүтэх эрх чөлөөний тухай асуудлыг Мотода хурцаар шүүмжилсэн байна. Тэрбээр Японы иргэд ямар ч шашныг шүтэх боломжтой, гэхдээ энэ нь төрийн дэг журмыг зөрчөөгүй, төрийн шашинтай харшлахгүй л бол болно гэсэн байр суурьтай байв. Мотода Күнзийн шашныг төрийн шашин гэж үздэг байсан бөгөөд Эзэн хаан төр, шашныг хослуулан барьж байгаагийн хувьд өөрийн харьяат хүмүүсийн шашны итгэл үнэмшил, ёс суртахууныг хянах ёстой гэж үзэж байв.
Бусдаас сурах судлах тухай
[засварлах | кодоор засварлах]1882 оны эхээр Эзэн хаан зарлиг гаргаж Европын орнуудын засаглалын үндсэн хэлбэрийг судлахаар зөвлөх Ито Хиробүмиг Европ руу илгээв. Тогтоолд судлах 31 асуудлын жагсаалтыг оруулсан; Ийм асуудалд улс бүрийн үндсэн хуулиас гадна хааны гэр бүлийн байр суурь, хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагуудын бүтэц, шүүх, орон нутгийн засаг захиргааны асуудал багтсан байв. 1876 онд Үндсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг хүлээсэн Японы Гэнроо-иний гишүүд Засгийн газрын төлөөлөгчийг энэ хэрэгт татан оролцуулахаар шийдсэнд хариу өгөхөөс өөр аргагүй байв: Гэнроо-иний дарга Тэрашима Мүнэнори өөрийгөө АНУ-д илгээхийг шаардсаны дагуу түүнийг АНУ-д элч төлөөлөгчөөр явуулав. Тэрашима 1882 оны 7 дугаар сард АНУ руу илгээгдсэн боловч сенатын гишүүд Итогийн үйлдлийг урьдчилан таамаглах гэсэн оролдлогууд амжилтад хүрээгүй. Ито тэргүүтэй баг 1882 оны 3 дугаар сарын 14-нд Ёкохамагаас Европ руу хөдлөв. Нийт 14 сар үргэлжилсэн Европын бизнес аяллын үеэр Ито Франц, Герман, Австри, Их Британи, Бельги зэрэг 18 оронд зочилжээ. 1882 оны зун Ито Лоренц фон Штайнтай ярилцаж, 1882 оны 5-6-р сар, 1882 оны 11 дүгээр сараас 1883 оны 2 дугаар саруудад Рудольф Гнайсттай хувийн зөвлөлдөх уулзалт хийж, өөрийн шавь Альберт Моссын лекц курст оролцов. Үүнээс гадна Ито Германы канцлер Отто фон Бисмарктай уулзсан. Эдгээр харилцан ярианы үр дүн, янз бүрийн муж улсын үндсэн хуулиудыг харьцуулж үзсэн Ито 1850 онд байгуулагдсан Пруссийн Үндсэн Хуулийн Дүрэм, 1867 оны Умард Германы Холбооны Үндсэн хууль, Герман улсын Үндсэн хуулийг үндэслэн Германы Эзэнт гүрний Үндсэн хууль тогтоомжийн талаар дүгнэлт хийжээ.
1883 оны 3 дугаар сарын 21-нд Эзэн хааны зарлигаар Ито Хиробүми Эзэн хааны ордны сайдаар томилогдов. 1884 оны 3 дугаар сард Ито Японы Эзэнт гүрний Үндсэн хуулийг боловсруулах комисс болох Эзэн хааны шүүхийн яамны дэргэд байгуулагдсан Үндсэн хуулийн тогтолцоог судлах товчоог (Seido torishirabe kyoku) тэргүүлэв. Итогоос гадна түүний зөвлөмжөөр тус товчоонд Иноүэ Коваши, Канэко Кэнтаро, Ито Миёжи, Токүдайжи Санэцүнэ нар багтсан байна. Мөн Японы Засгийн газрын Герман зөвлөх, профессор Херманн Рёсслер төсөлд оролцов. Үндсэн хуульт тогтолцоог судлах товчоог Эзэн хааны шүүхийн яамны дэргэд байгуулсан нь Японы эрх баригчид Үндсэн хуулийг боловсруулах ажлыг нууцлахыг хүсч байсныг гэрчилж байна. Үндсэн хууль боловсруулах комиссын гишүүд нь Засгийн газрын дэргэдэх Гэнроо-инд хамаарахгүй бөгөөд Эзэн хаанд шууд захирагддаг байв. Эзэн хаан шууд захирах нь энэ асуудалд маш их ач холбогдол өгч байснаас үүдэлтэй юм.
Үндсэн хуулийн төсөл боловсруулагдаж дуусах үед энэ хуулийг хэн батлах вэ гэдэг асуудал урган гарч ирсэн. Оокүма, Итагаки нарын либерал үзэлтнүүд улсыг бүхэлд нь төлөөлж чадах бүрэлдэхүүнтэй чуулганыг хуралдуулахыг шаардаж байжээ. Нөгөө талаас Үндсэн хуулийн төслийг боловсруулах комисст Эзэн хаанаас томилсон гишүүдээс бүрдсэн чуулганыг зарлан хуралдуулах шаардлагатай гэж үзэж байв. Консерватив үзэлтэй албан тушаалтнууд зөвхөн Эзэн хааны зөвшөөрлийг илүүд үзэж байсан. Энэ маргааны эцэст “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” гэдэг шиг Ито “Нууц Зөвлөл” (Сүүмицү-ин) хэмээх тусгай байгууллагыг байгуулах санал дэвшүүлсэн байна. "Төрд чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүстэй зөвлөлдөх, төрийн хэрэгт тэдний үнэтэй зөвлөгөөг ашиглах нь зүйтэй гэж үзэн 1888 оны 4 дүгээр сарын 28-нд Эзэн хааны зарлиг гаргаж “Нууц Зөвлөл”-ийг байгуулжээ. Ито Хиробүми “Нууц Зөвлөл”-ийн даалгаврыг "эртний болон ойрын түүхийн талаар нарийн судалгаа хийж, орчин үеийн түүхэн зарчмуудыг судалж, нухацтай хэлэлцэж, тайван тунгаан бодсоны эцэст Засгийн газрын өргөн цар хүрээтэй төлөвлөгөөг боловсруулах, шинэ хууль гаргах" гэж тодорхойлсон байна. Ерөнхий сайдын албан тушаалаас сайн дураар огцорсны дараа Ито “Нууц Зөвлөл”-ийн даргаар ажиллаж Иноүэ, Канэко, Ито Миёжи нарыг зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилсон байна. Шинэ байгууллагад 12 зөвлөх багтсан бөгөөд тэдний дийлэнх нь Сацүма, Чоошүү, Тоса, Сага зэрэг гүнлигүүдийн төрийн албан хаагчид харьяалагддаг байжээ. “Нууц Зөвлөл”-ийн суудалд сөрөг хүчний төлөөлөгчид болох Итагаки, Оокүмаг санал болгоход Оокүма энэ томилгоог хүлээн авч, Итагаки татгалзсан байна.
“Нууц Зөвлөл” нь 1888 оны 5 дугаар сараас 1889 оны 1 дүгээр сар хүртэл Үндсэн хуулийн төслийг хэлэлцсэн байна. Төслийг хэлэлцэн боловсруулахдаа маш нууц байдалд явуулж Үндсэн хуулийг тунхаглах хүртэл Үндсэн хуулийн нэг ч зүйлийг олон нийтэд мэдэгдэлгүй хийсэн ажээ.
Эзэн хаан Мэйжи хэлэлцүүлгийн явцыг ихэд сонирхож байсан бөгөөд төслийн хэлэлцүүлэг хооронд “Нууц Зөвлөл”-ийн бүх хуралдаанд оролцож байжээ. Эзэн хаан Итог өөртөө ойр ойрхон дуудаж, Үндсэн хуулийн төслийн тодорхой зүйлийн талаар өөрөө биечлэн асуудаг байжээ.
Баталсан үе
[засварлах | кодоор засварлах]Японы эзэнт гүрний үндсэн хуулийг 1889 оны 2 дугаар сарын 11-ний өдөр зарлав. Энэ өдрийг санамсаргүй сонгосон юм биш. Энэ өдөр Эзэнт гүрэн байгуулагдсан өдөр (кигэнсэцү) тохиож байсан юм. Эзэн хаан ордондоо, Засгийн газрын гишүүд, өндөр зиндааны дээдэс, гадаадын төлөөлөгчдийг байлцуулан хийсэн ёслол төгөлдөр хүндэтгэлийн хуралдаанаар Үндсэн хуулийг уншиж танилцуулав. Үндсэн хуулийг дагалдуулан, түүний заалтуудыг нөхөх зорилгоор хэд хэдэн чухал хуулиийг боловсруулсан байна. Үүнд Эзэн хааны гэр бүлийн тухай хууль, Парламентын тухай хууль, Язгууртны танхимын тухай тогтоол, Төлөөлөгчдийн танхимын сонгуулийн тухай хууль болон Санхүүгийн хяналтын тухай хууль зэрэг багтжээ. Эзэн хаан Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан үг хэлж, "Эзэн хааны тангараг" өргөсөн байна. Энэ баримт бичигт чухал заалтууд орсон болно. Үүнд: 1) Үндсэн хуулийг баталснаар угсаа залгамжлалын эртний бүрэн эрхийг хязгаарлахгүй ("Бид эртний засаглалын хэлбэрийг дэмжиж, хамгаална"); 2) Эзэн хаан түүний залгамжлагчид Үндсэн хуулийг хэрэгжүүлэх сайн дурын үүргээ биелүүлэх болно; 3) Улс орны гол хууль нь Үндсэн хууль ба Эзэн хааны ордны тухай хууль байх болно гэж заажээ.