Jump to content

Мохийн тулалдаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мохийн тулалдаан
Хамаарах дайн: Монголчуудын Европ дахь байлдан дагуулалт

Огноо 1241 оны 4 сарын 11
Байрлал Унгар, Сайо гол
Үр дагавар Монголын ялалт
Байлдагч талууд
Унгарын вант улс
Тевтоны бүлгэм
Тамплиер
Их Монгол Улс
Удирдагчид
IV Бела хаан
Хунтайж Коломан
Угрин Чак хамба
Маттиас Ратот
Денес Томаж
Бат хан
Сүбэдэй
Шибан
Бэрх
Цэргийн хүч
Хуучин тооцоо:
80,000[1]
Шинэ тооцоо:
25,000[2][3]
Унгарын хүнд морин цэрэг, Тамплиер, нүүдэлчдийн хөнгөн морин цэрэг, Сербүүдийг оруулсан тоо
Хуучин тооцоо:
70,000[4]
Шинэ тооцоо:
30,000[2][3]
Хохирол
Хэдэн мянган хүн алагдсан[3] Хэдэн мянган хүн алагдсан[3]

Мохийн тулалдаан бол Бат хан болон Сүбэдэй баатрын цэрэг Унгарын IV Бела вангийн удирдсан Хорват, Унгарын 65000 цэргийг бут цохисон тулалдаан юм. Монголын их цэрэг Бат хааны удирдлага дор баруун хойш аялсаар Оросын нутгийг шударч гараад 1241 онд Киевийг авч улмаар хоёр хуваагдан гол хүч нь Унгарыг зорьсон бол жанжин Хадаан, Байдар нар гол хүчний баруун жигүүрийг халхлах зорилгоор Польшид цөмрөн орж Легницийн орчим Польш,Герман,Чехийн хамтарсан хүчинтэй тулав. Унгарчууд анх монголчуудын аюул айсуйг сонссон нь 1229 он бөгөөд Оросоос зугатаж очсон хэсэг ноёд Унгарын Андраш II хаанд энэ тухай дуулгажээ. 1237 онд санваартан Жулианус Андраш II-ын ширээг залгамжилсан Бела IY хаанаас элчийн үг авч Бат хааныг гэдрэг эргэхийг ятгахаар угтаж очсон бөгөөд буцахдаа авч ирсэн тулган шаардах бичигт нь Бат хаан мажаруудыг үг дуугүй бууж өгөх, зугатаж хоргодсон Кипчакуудын толгойлогчийг гаргаж өгөхийг шаардсан бөгөөд үгүй бол голомтыг нь самарна гэсэн байв. Хариу ирээгүй тул Бат хаан 1239 онд баруун тийш зугатсан куманчуудаар нэг, 1241 онд ялагдсан польшуудаар бас нэг захиа илгээжээ. Бела IY хаан монголчуудын хилэнг хөдөлгөхөөс айж 1240 онд Черниговын ван Ростиславт охиноо өгөх гэж байсан, мөн Галицын ван Даниил Романовичийн охинтой хүүгээ гэрлүүлэх гэж байснаа болиод байсан боловч монголчуудын довтолгоо зайлшгүй гэдгийг Бат хааны сүүлчийн захиа ирсэн 1241 онд л нэгмөсөн ухаарчээ. Ингээд монголчуудтай тулахаар шийдэж цэрэг дайчлахын хамт Европын орнууд, Пап ламаас тусламж хүсчээ.

Түүний хүсэлтийг хүлээж авсан Австрийн хунтайж Фрэдерик цөөн тооны хүнд морин цэрэг авч ирэв. Унгарын цэргийн хүч сулаас гадна ихэс ноёд нь Монголын аюулыг бүрэн дүүрэн ухамсарлаагүйгээс гадна Бела IY хааны төвлөрсөн засаглал унавал өөрсдийнх нь эрх хүч нэмэгдэнэ гэж тооцоолсон нь ч байсан тул байдал тун хүнд байв. Бела IY хаан эхлээд яаран хөдлөхгүй дайснаа харзнах бодлого барьж байсан боловч холбоотнууд нь үүний эсрэг байжээ. Тэрбээр монголчуудаас хүн хүчний хувьд хавьгүй илүү байснаас гадна Батын цэргийн нэлээд нь эзэндээ үнэнч эсэх нь эргэлзээтэй орос цэргүүдээр бүрдсэнийг мэдэж байсан, дээр нь нэр төрийн хэрэг гэж бий тул холбоотныхоо үгийг авч цэрэг бүрэн цуглахаас өмнө монгол цэрэгтэй тулахаар шийдсэн байна. Дайснаа ийм гэнэтийн шийдвэр гаргана гэж санаагүй Бат хаан Унгар-Хорватын цэрэгтэй дангаар байлдахад хүчин мөхөстөхөө тооцоолоод Баруун этгээдэд хийсэн аян дайныхаа туршид бараг анх удаа ухарчээ. Унгарчуудад араасаа аажмаар нэхүүлэн зүүн тийш хэдэн өдөр аялсан Бат Карпатын нуруу хүрэх замын хугаст Сүбээдэйн их цэрэгтэй нийлэв. Улмаар Унгарын хувь заяаг шийдсэн түүхэн тулалдаан дөрөвдүгээр сарын 11-нд Мохийн хөндий гэдэг газар, Шайо голын хөвөөнд болов. Монгол цэргийн толгойн ангийг зургаан өдөр нэхсэн Унгар-Хорватын цэргийг Монголын гол хүч энд хүлээн авч байлдсан байна.1241 оны гуравдугаар сарын дундуур монголчууд Карпатын нурууг Веретийн (“Оросын хаалга” ч гэдэг) даваагаар даван Унгарт орж ирсэн бөгөөд мөн сарын 16 гэхэд Бат хааны 10 мянган морьт цэргийн түрүүч болох Шибаны (Батын дүү) анги Пештийн (одоогийн Будапешт) барааг харжээ. Хадааны (Гүюгийн дүү) анги арай урдуур тойрч Молдав, Трансильванийг дайран Унгарын Бистрица, Орадя, Темешвар хотуудыг авав. Мөн бас нэг багавтар анги бүр урдуур буюу Валахын нутгаар аялж Арад, Перг, Ерес гэдэг хотуудыг авсан шиг явжээ. Карпатын нурууны баруунтай, Дунай дундадын нам дор газар буюу нөгөө нэрээр Панноны уужим хөндийд бусад замын цэргээсээ хоёр долоо хоногийн өмнө гарч ирсэн Бат Унгарын гол хүчнээс 20 километрийн зайд хүрээ бууж арын хүчээ хүлээхийн хамт унгарчуудыг үе үе сандарган дав дувхийлгэж суув.Ван улсынхаа өнцөг булан бүрт цустай сэлэм барьсан элч явуулж 65000 цэрэг цуглуулж Буда,Пешт хотод орж бүгсэн.1241.3.15 гэхэд монголчуудын толгойн анги хотод тулж ирэв.Хотоос гарч тулалдахыг Бела ван хатуу хорьсон ч Колочийн их хамба дур мэдэн хотоос гарж отолдонд орж хүйс тэмтрүүлж өөрөө амь наанаатай хотод орж ирсэн.Голын эрэг дээрх - хотыг бүслэхэд Бат хаанд хүндрэлтэй учраас шалгарсан арга мэхээ хэрэглэж нэгэн амжилтгүй дайралтын дараа зугтав Бела ван энэ аргад итгэж бүх цэргээ дагуулан араас нь нэхэв.Монголчууд 6 өдрийн турш зугтаж Сайо гол дээр очсон.1241,4,9 ны өдөр Бат хаан цэргээ 2 хувааж 1ээр нь сэм гол гатлуулж нөгөөгөөр нь дайсныгтатаж байлдхаар тогтов.гэвч энэ өдөр Монголчуудад ялалт авчирсангүй. Монголчуудад өөрөөсөө хүн хүчээр хавьгүй илүү дайсныг ялахад амаргүй байсан дээр нь 2 хуваасанд хүч тарамдаж ,нэрмээс болж цэргийн нөгөө хэсэг гол гаталж чадаагүй явдал юм.

Орой нь Бат хаан цэргийн яаралтай зөвлөгөөн хуралдуулж нэгэнт голыг гаталж чадахгүй юм чинь шийдвэрлэх тулалдаанд орохыг зайлсхыг санал болгоход Сүбээдэй баатар эрс татгалжаз хаан эзэн минь таныг хүчээр тулалдуулж чадахгүй ч та миний тулалдахыг хорьж чадахгүй гэжээ. Цэргийн жанжид Сүбээдэй баатрыг дэмжсэнээр шийдэгджээ. Тэр шөнө Мажаруудад(Унгар,Хорват) Монголчууд шөнө сэм гол гаталах гэж байгааг олзны орос хүн мэдэгджээ тэд тэр даруй Коломан Үголонис нарын Темплиерын рыцариуд шууд гүүрийг давж тэнд байсан Монголчуудыг цохиж Хүчтэй сэргийлэх йнги тавьжээ. Ийнхүү Мажарууд Сүбээдэй баатрын явуулсан хоосон тагнуулын үгэнд итгэж Сайо голын ганц гүүрийг гартаа авсан гэж дайсан нь өөрөөс нь тоо хувьд цөө зэргээс хамаарч ялна гэж хөөрцгөөж байв. 1241,4,10 нд Монголчууд хөвж инженерийн ангийн тавьсан нөөц гүүрээр гарж шидэгч машинаар гүүрийн ангийг үлдан хөөжээ. Өглөөний 5 цаг гэхэд монголчууд голын нөгөө эрэгт гарав.Үй олон сум шаагих чимээнээр Бела вангийн 65000 цэрэг сэржээ. Унгарчуудын гол түшиц болж байсан энэхүү ширүүн урсгалт Шайо гол дээрхи 200 метр урт гүүрийг тойрон 11-ний үүрээр эхэлж бүтэн өдөр үргэлжилсэн тулалдаан монголчуудын цэргийн гарамгай ур чадварыг гялалзтал харуулж ийнхүү тэдний бүрэн ялалтаар төгссөн билээ. Энэ үед Коломан Үголонис нар монголчуудыг хөмөрч хаяхаар дайрав энэ удаа Монголчууд зугтсангүй 2 цаг үргэлжилсэн ширүүн тулаан болов. Бела вангийн нэмэлт хүч монголчуудыг устгана гэж найдсан боловч Сүбээдэй баатрын цэгэд зохигдож байв. 7 цаг гэхэд тулалдаан бараг шийдэгдэв. 12 цаг Мажарууд(Унгар,Хорват)Хүрээндээ шахагдаж тасралтгүй монголчуудад харвуулж байв. Энэ үед Коломан Үголонис Темплиерийн рыцариуд бүгд алагдаж Коломан Үголонис нар хүнд шархадаж хүрээндээ буцаж ирэв. Мажарууд зугтах газаргүйгээ ойлгомогц маш ширүүн эсэргүүцэж эхэлтэл Сүбээдэй баатар шалгарсан аргаа хэрэглэж бүслэлтэндээ маш жоохон зай гарав тэр зайгаар Мажарууд зэр зэвсгээ хаяж амиа бодон зугтаж сүүлчийн хүн гарж дуусангуут монголчууд морио сэлгэж унаад араасан нэхэн хөөж толгой дараалан хядав. Энэ тулалдаанаар 65000-56000 амь үрэгдэж 2 долоо хонгийн дараа Мажарын нийсллийг галдан шатаав.Адриатын тэнгисийн зүүн хөвөөн дэхь Клис хэмээх цайзыг монгол жанжин Хадаан Унгарын хаан Бела VI-ыг нэхэх замдаа 1242 оны гуравдугаар сард уулгалж байв.

Одоогийн Хорват улсын нутаг.Сүүлийн үеийн Европын эрдэмтдийн судалгаагаар Шайогийн тулалдаанд Унгар, түүний холбоотнуудын 60 мянга, Монголын 30 мянган цэрэг оролцсон гэдэг. Мөн Жүвэйнийн түүхэнд монгол цэргийн хүч дайснаасаа хоёр дахин бага байсан гэжээ. Унгарчууд хүн хүчнийхээ 80 хувийг алдсан бөгөөд Монголын талаас 1000 гаруй цэрэг амь хохирсон гэж зарим судлаач тэмдэглэсэн нь бий. Хүнд чулуу харвагч, хиймэл гүүр зэрэг цэрэг байлдааны олон чухал арга хэрэгслийг унгарчууд болон тэдний холбоотнууд энэ тулалдаанд л анх удаа үзсэн гэнэ. Дайсныхаа гол хүчийг бүрэн бүсэлсэн монголчууд бүслэлтээ хумиагүй бөгөөд зугтагсдыг аажуу тайвнаар нэхэн цөөн цөөнөөр арилгаж явсаар зургаан өдрийн дараа тэдний сүүлийг даран Пешт хотод орсон гэдэг. Бела IY хаан гэр бүлээ авч Австрид зугатан очиж хоргоджээ. Хадааны цэрэг Бела IY-ийг нэхсээр дараа жилийнх нь өдийд гэхэд Хорват, Далмацийг эзлэн Адриатын тэнгисийн эрэгт хүрсэн бөгөөд улмаар зүүн урагш эргэн Серби, Болгарыг эзэлсэн юм. Унгарыг шинээр төвхнүүлэх ажлыг эхлүүлж Унгарын эзэнт гүрний Дунайн цаадах нутгийг тойрог болгож хуваан тус бүрт нь хүн тавьсан Бат цэргийнхээ нэг хэсгийг Хадааны араас илгээхийн хамтаар Австри, Италийг дайлах төлөвлөгөөгөө боловсруулж эхэлжээ. Польш болон түүний холбоотнуудтай дайтсан алдарт Легницийн тулалдаанд (1241 оны дөрөвдүгээр сарын есөн) ялж гарсан Байдар жанжин (Цагаадайн хүү) энэ үед Австрийн Вена хотоос 14 км зайтай Нойштадт хотыг “дурандаж ” суусан гэж Европын түүхэнд бий. Бэхлэлт сайтай зарим хотууд монголчуудад автаагүй байсан ч Унгарт монгол даргач суусан бөгөөд Бат хааны нэртэй зоос ч цутгасан гэдэг. Бела IY Австрийн хаан Фридрих II-ын өмгөөлөлд орсон боловч үүнийхээ төлөөсөнд Унгар улсын сан хөмрөгийг тэр чигээр нь, дээр нь гурван аймгаа өгсөн нь түүхэнд үлдсэн юм. 1242 онд монголчуудыг нутаг буцсаны дараа тэрбээр нутагтаа буцаж иржээ. Улс орноо батлан хамгаалахад бэхлэлт ямар чухал болохыг ойлгосон тэрбээр энэ ажилд түлхүү анхаарсан байна. Мөн хүн амынх нь 20-40 хувь нь монголчуудын довтолгоон, мөн халдварт өвчинд үрэгдэж аж ахуй нь сүйрсэн улс орноо сэргээн босгоход мөнгө хөрөнгө туйлын дутмаг байсан тул жүүдүүдийг ихээр суурьшуулж, худалдаачид, хөрөнгөтнүүдэд өргөн эрх олгожээ. Түүний энэ ажлыг түүхэнд “Унгарын хоёр дахь сэргээн босголт” гэдэг. Монголчуудын байлдан дагуулалд автсан Зүүн Европын олон үндэстний нэгэн адилаар унгарчууд ч мөн Баруун Европт монголчуудын цөмрөлгүй нутаг буцсаныг өөрсдийнхөө гавъяа гэж үздэг. Гэвч Унгарын олонх түүхч энэ явдлыг Өгөөдэй хаан нас барсантай холбож буюу бодит үнэнд илүү ойроор дүгнэдэг билээ.

  1. Carey, Brian Todd, p. 124
  2. 2.0 2.1 Markó, László (2000), Great Honours of the Hungarian State, Budapest: Magyar Könyvklub, ISBN 9635470851
  3. 3.0 3.1 3.2 3.3 Liptai, Ervin (1985), Military History of Hungary, Budapest: Zrínyi Katonai Kiadó, ISBN 9633263379
  4. Кари 128-р хуудсандаа Бат 40,000 цэрэг бүхий гол хүчээ өөрөө авч, Сүбэдэйг 30,000 цэрэгтэйгээр тойрог маневр хийхийг тушаасан тухай дурьдсан байдаг. Бат Монголчуудын Зүүн Европт хийсэн аян дайны үед төв жигүүрийг удирдаж байсан бөгөөд хойд талд Легниц, өмнө талд Херманнштадтад хийсэн тулааны хүн хүчийн байдлыг харвал энэ нь илүү бодитой тоо юм. Бүх гурван тулалдаан нэг долоо хоногт болсон билээ.

http://fromrustopeter.devhub.com/blog/559683-central-europe-and-the-mongols/[permanent dead link] Мажаруудыг хядаж байгаа монгол баатар http://boardgamegeek.com/geeklist/39910/overlooked-but-important-battles Тулалдаан Мажар Монгол