Jump to content

Колдплей

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Coldplay
Ерөнхий мэдээлэл
ГаралИх Британи
Англи, Лондон
Хөгжмийн урсгалАлтернатив рок
Идэвхтэй1996 оноос хойш
СтудиWarner Music, Parlophone, Capitol Records
Хамтардаг уран бүтээлчидApparatjik
Цахим хуудасcoldplay.com
Гишүүдийн нэрс
Крис Мартин
Жонни Баклэнд
Гай Бэрримэн
Вилл Чэмпион

Колдплей буюу Coldplay нь 1996 онд байгуулагдсан, Британийн альтернатив рок хамтлаг юм. Хамтлагийн ахлагч Крис Мартин Жонни Баклэндтэй Лондоны их сургуульд хамт сурдаг байв. Анх тэд Pectoralz хамтлагийг байгуулсны дараа Гай Бэрриман хамтлагт басс гитарчнаар орж, хамтлагийн нэрээ Starfish болгон өөрчилжээ. Улмаар Уил Чампион хамтлагт орсноор хамтлаг бүрджээ. Менежер Пил Харвей албан бус 5 дахь гишүүнээр тооцогддог. Хамтлаг Safety (1998), Brothers & Sisters (1999), The Blue Room (1999) гэсэн 3 EP гаргахын өмнө 1998 онд нэрээ Coldplay болгожээ. Удалгүй Parlaphone-тай гэрээ хийснээр мэргэжлийн студид дуугаа бичүүлэхээр болов.

Тэд хөгжмийн хэд хэдэн шагналын эзэн болсон. 2000 онд Mercury Prize-д нэр дэвшиж байсан тэд анхны цомог болох Parachutes цомгийн Yellow дуугаа гаргаснаар дэлхий дахинд нэр алдартай хамтлаг болж чаджээ. Хамтлагийн 2 дахь цомог болох A Rush of Blood to the Head /2002/ нь шүүмжлэгчдээс сайн дүн авч, New Musical Express (NME)-ийн оны шилдэг цомог гэх мэт олон шагнал хүртжээ. Тэдний цомгийг Нелсон продюсэрлэсэн байна. Дараах цомог X&Y 2005 гармагцаа шүүмжлэгчдээс сайн дүн авч, шилдэг борлуулалттай цомог болж чаджээ. Мөн Нелсон продюсэрлэсэн байна. Харин хамтлагийн 4 дэх цомог Viva La Vida or Death and All His Friends /2008/-ийг Брайан Ено продюсэрлэж дахин шүүмжлэгчид сайшааж, 51 дэх Грэмми шагналын олон төрөлд нэр дэвшин түрүүлж чаджээ. 2011 оны 10 сарын 24-нд Mylo Xyloto хэмээх 5 цомгоо гаргаж, шүүмжлэгчдээс сайшаалттай байна. Улмаар 2011 оны Их Британийн хамгийн их борлуулалттай рок цомог болж чадсан. 2014 оны 5-р сарын 16-нд 6 дахь студи цомог болох Ghost Stories цомгоо худалдаанд гаргасан. Энэхүү цомог дэлхийн 100 гаруй орны iTunes борлуулалтыг тэргүүлжээ.

Тэд хөгжмийн нийт 209 шагналд нэр дэвшиж 62 шагнал хүртсэн. Түүнээс BRIT Awards шагналыг 9 удаа (үүнээс Британийн шилдэг хамтлагаар 4 удаа), 5 MTV Music Awards, Грэмийн шагналд 31 удаа нэр дэвшиж 7 шагнал хүртсэн. Өдгөө Coldplay дэлхий даяар 100 сая цомог болон дуугаа борлуулаад байгаа нь тэднийг дэлхийн бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай уран бүтээлчдийн нэг болгож байна. 2009 оны 12-р сард , "Rolling Stone" сэтгүүлийн уншигчдын санал асуулгаар Coldplay 2000аад оны (2000-2009) оны шилдэг хамтлагуудын 4-р байранд нэрлэгджээ.

Coldplay хамтлаг нь Oxfam-н Make Trade Fair болон Amnesty олон улсын байгууллага гэх мэт олон нийтийн болон улс төрийн ажил үйлсийг идэвхтэй дэмждэг юм. Хамтлаг Band Aid 20, Live 8, Sound Relief, Hope for Haiti Now: A Global Benefit for Earthquake Relief, болон the Teenage Cancer Trust зэрэг олон хандивын сайн үйлсийн аянд оролцож байжээ.

1996-1999: Зохион байгуулалт болон эхний жилүүд

[засварлах | кодоор засварлах]

Хамтлагийн гишүүд Крис Мартин болон Жонни Баклэнд нар 1996 оны 9 сард Лондоны коллежийн их сургуульд суралцсан эхний долоо хоногтоо танилцсан бөгөөд тэр жилдээ хамтлаг байгуулахаар төлөвлөж, хамтлагаа Pectoralz гэж нэрлэн, удалгүй Гай Бэрримэн (Крис Мартин болон Жонни Баклэнд нартай нэг ангид сурдаг байсан) хамтлагт орсноор Starfish нэртэй болсон юм. Ийнхүү хамтлаг Лондоны жижиг клубт тоглож эхэлснээр цөөн тооны дэмжигчтэй болсон байлаа. Мартин тэр үед Фил Харви (Кристэй хамт Оксфордын их сургуульд сурч байсан) хамтлагтаа урьснаар хамтлагийн менежер болсон юм. Хожим нь Coldplay Фил Харвиг хамтлагийн тав дахь гишүүн гэдгийг хүлээн зөвшөөрсөн билээ. 1997 оны 7-р сард хамтлагт Вилл Чэмпион орсноор хамтлаг ийнхүү бүрэлджээ. Чэмпион төгөлдөр хуур, гитар, аргил гитар, лимбэ тоглож чаддаг байсан. Гэвч тэр түргэн хугацаанд бөмбөр тоглож чаддаг болсон юм (тэр өмнө нь бөмбөрийн ямар ч мэдлэггүй байсан юм). Хамтлаг нэрээ эцэст нь Тим Кромптоны санал болгосоноор Coldplay болгож өөрчилсөн юм. Энэ нэрээр сургуулийн сурагчид нь тэднийг нэрлэдэг байсан байна.

1997 онд Мартин ангийн сурагч Тим Райс-Окслитэй уулзсан юм. Сургуулийнхаа амралтаар Virginia Water-д өнгөрүүлсэн долоо хоногоор тэд түүнээс хамтлагтаа төгөлдөр хуурчаар оруулахыг хүссэн юм. Мартин Райс-Окслиг авьяастай, ухаантай гэж үзэн Coldplay хамтлагт даралтат хөгжим тоглохыг хүссэн боловч татгалзсан хариу авсан юм. Тэрээр аль хэдийн Keane-н өмнөөс тоглоод эхэлсэн үе байлаа. Энэ үйл явдлаас хэдэн өдрийн дараа Keane нь Coldplay хамтлагаас тусдаа бие даасан хамтлаг болон гарсан юм. 1998 онд хамтлагийн эхний уран бүтээл Safety EP 500 хувь борлогдлоо. Тэд найзууд болон зарим компаниудад бичлэг хийлгэхэд зориулж ихэнх дискээ хандивлаж, тэдэнд гадуур худалдаа хийхэд ердөө 50 ширхэг л үлдсэн байлаа. Ингээд тус оны 12-р сард Fierce Panda бичлэгийн студитэй гэрээ байгуулсан байна. Тэдний анхны албан ёсны цомог нь 3 дуутайгаар гаргасан Brothers and Sisters EP бөгөөд энэ цомгийг тэд 1999 оны 2 сард 4-хөн өдрийн дотор бичжээ.

Эцсийн шалгалтаа дуусгасны дараагаар тэд Parlophone (Их Британийн томоохон дуу бичлэгийн студи)-той 5 цомгийн гэрээ байгуулав. Тэд анхны томоохон тоглолтоо Гластонбюри хөгжмийн наадамд тавьсан байна. Дараа нь тэд 3 дахь EP (өргөтгөсөн сингл) хийх ажилдаа орон, түүнийгээ The Blue room гэж нэрлэсэн. Тус оны 10 сард уг дуу олон нийтэд 5000 хувь борлуулагдахад бэлэн болов. Bigger and Stronger сингл гарсны дараагаар, BBC 1 радигоор нийтэд цацагдлаа. The blue room сингл гарсны дараа нэгэн үймээн гарав. Хамтлагийн дунд үл ойлголцох асуудал гарч, Чэмпион хамтлагаас гарахаар шийджээ. Гэхдээ үүний дараагаар Мартин өөрийнхөө түүнийг хөөсөн бурууг хүлээж эргэн нэгдсэн байна. Нэмж хэлэхэд хамтлаг тэр үед хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг байсан нь илэрсэн юм. Гэсэн ч энэ бүхний дараагаар эцэст нь тэд шинэ дүрэм, шинэ зохион байгуулалттайгаар ажиллаж эхэлсэн. Мөн тухайн үеийн U2 болон R.E.M хамтлагийн адилаар Coldplay эрс шийдэмгий ардчилсан үзлийг баримталж (ашиг орлогоо тэнцүү хуваах) эхэлсэн. Тэд ийнхүү жинхэнэ хамтлаг шиг нэгдэж Coldplay хамтлагийн их уран бүтээлийн эхлэл ийнхүү тавигдсан юм.

Гол өгүүлэл: Parachutes ба Parachutes Tour
"Yellow"

"Yellow" (Coldplay хамтлагийн анхны хит дуу) ихэнх хүмүүс тус хамтлагийг энэ дугаар нь мэддэг. Энэ дуу нь Parachutes цомгийн 2 дахь сингл болон гарсан

Сонсч чадаагүй бол туслалцаа аваарай.

Хамтлаг эхлээд дебют цомогоо 2 долоо хоногийн хугацаанд бичүүлэхээр төлөвлөв. Хэдий тийм боловч аялал, бусад тайлан тоглолтууд цомгийг 1999 оны 9 сараас 2000 оны 4-5 сар хүртэл хойшлуулах шалтгаан болов. Цомгоо Rockfield Studios, Matrix Studios, Wessex Sound Studios-д бичүүлсэн. Энэ цомогт Кэн Нэлсон продюсерээр ажиллажээ. Микс буюу засварлах ажлыг америк инженер Майкл Бройер хийсэн байна. Энэ үеэр тэд Carling Tour тоглотоо хийж, зарим дуугаа танилцуулсан байна. Ямар нэгэн хит дуу байхгүй 3 EP гаргасны дараа Parachutes-н тэргүүн сингл Британы дууны жагсаалтын Top 40-д орж ирсэн байна. "Shiver" хэмээх 2000 оны 3 сард гарсан сингл нь Их Британийн синглүүдийн чартад оргил үедээ 35-д бичигдсэн байна. 2000 оны 6 сард Coldplay хамтлагийн түүхэнд онцлох мөч тохиолдсон байна. Тэдний анхны томоохон тоглолт Гластонбури наадамд тоглохоор бэлдэж байв. Хамтлаг түүнчлэн алдарт сингл "Yellow"-г гаргав. Үүрэг нь топ 5-г эвдэх явдал байсан энэ нь биеллээ олж Их Британийн синглүүдийн чартын 4-д бичигдэв. Ингэснээр Coldplay хамтлаг олны сонорт хүрч эхэлсэн үе байлаа. "Yellow", "Shiver" 2000 оны хаврын анхны EP байлаа. Синглүүд гарсны дараа 2000 оны 6 сарын 26-нд (Мөн Америкт) тэргүүлэх синглүүдээ гаргасан нэр нь үл мэдэгдэх цомог цацагдаж эхлэв. 2000 оны 10 сард дуунууд Америкийн коллеж болон альтернатив радионууд руу илгээгдэж эхлэв.

Coldplay 2000 оны 7 сарын 10-нд Parlophone бичлэгийн студиэр дамжуулан анхны бие даасан цомгоо Их Британид Parachutes нэртэйгээр гаргалаа. Гарсан даруйдаа Их Британийн цомгийн чартын 1-д бичигдсэн юм. 2000 оны 11 сарын 7-нд Nettwerk бичлэгийн студиэр дамжуулан Хойд Америкт нээлтээ хийв. Цомог нээлтээ хийсний дараа янз бүрийн хэлбэрээр хүмүүст хүрэхээр гарч ирсээр байв. Parlophone Nettwerk хоёр аль аль нь 2000 онд CD гаргав. Харин кассет хэлбэрээр 2001 онд capitol бичлэгийн студиэр дамжуулан Америкт гарсан байна. "Yellow", "Trouble" Их Британи болон АНУ-ын радиогоор тогтмол явдаг дуунуудын нэг болов. Parachutes 2000 оны 9 сард Mercury Music Prize-д нэр дэвшив. Цомог Европт амжилт олсоор байлаа. Тэд 2001 оны 2 сараас U.S. Club Tour аяллыг эхлүүлэв. Цомог Америкт алгуур боловч амжилтаа ахиулсаар дабл платиниум зэрэглэлд хүрчээ. Цомгийг 2002 оны Грэммийн шагналаас шилдэг альтернатив цомгийн шагнал авснаар нь сайн мэддэг болсон. Parachutes цомгоо гаргасны дараагаар Крис Мартин "Цомгийн амжилт хамтлагийг хамгийн том, энэ дэлхий дээрх хамгийн шилдэг хамтлаг болоход зориулагдсан" гэсэн байна.

2002-2004: A Rush Of Blood To The Head

[засварлах | кодоор засварлах]
Гол өгүүлэл: A Rush of Blood to the Head
Coldplay 2002 оны аялан тоглолтоосоо эхлэн тайзны гэрэл ашиглаж эхэлсэн

Parachutes цомгоороо амжилт олсны дараа 2001 оны 9 сард тэдний 2 дахь цомог болох A Rush Of Blood To The Head-ийг хийх ажилдаа эргэн орсон юм. Энэ удаа мөн л Кэн Нэлсон продюсерээр ажилласан. Лондонд тэдний гол ажилд асуудал тулгарч, тэд Ливэрпүүлд байрлахаар шийдвэрлэсэн юм (Тэнд Parachutes цомгийнхоо зарим дууг бичүүлж байсан). Хожим дуучин Крис Мартин хэлэхдээ бид бичлэгийн явцад санаа зовоосон асуудал гарсан гэжээ. In My Place бол тэдний шинэ цомгийн анхны дуу байсан юм.

Хамтлаг 20 гаруй дуу шинэ цомогтоо бичсэн байлаа. Шинэ материалуудын зарим нь (In My Place Animals) Parachutes аялан тоглолтод дуулагдаж эхэлсэн юм. Цомгийн нэр хамтлагийн албан ёсны сайтад цацагдсан юм. Цомог 2002 оны 8 сард нээлтээ хийсэн бөгөөд хэдэн топ синглийг төрүүлсэн юм. Жишээ нь Clocks, In My Place болон домогт The Scientist дуунууд юм. Сүүлд нь Жорж Харрисон (Битлз хамтлагийн гитарчин)-ы 1970 онд гарсан All Things Must Pass дууны нэр нь тэднийг урамшуулсан.

Хамтлаг 2002 оны 6 сараас 2003 оны 9 сар хүртэл шинэ цомгийн аялан тоглолтоо хийсэн байна. Энэ аяллын нэр нь A Rush Of Blood To The Head Tour. Тэд таван тивийн олон улсад тоглосны дотроос Гластонбури фестивал, V2003 болон Rock Werchter-д болсон тоглолтуудыг дурьдаж болно. U2 хамтлагийн Elevation Tour болон Nine Inch Nails' хамтлагийн Fragility Tour зэрэг нарийвчилсан гэрэлтүүлэг болон өөрийн хэв маягийг санагдуулам олон тоглолт болсон. Сунгасан тоглолтынхоо үеээр амьд дууны CD болон DVD бичүүлсэн. Энэ нь Сидней хотын Hordern Pavilion-д болсон Live 2003 цомог юм. 2003 оны 8 сарын 28-нд Coldplay хамтлаг 2003 MTV Video Music Awards-ын үеэр 3 шагналын эзэн болсон бөгөөд The Scientist дуугаа Radio City Music Hall-д тоглосон юм.

2003 оны 12 сард Rolling Stone сэтгүүл Coldplay-г жилийн шилдэг уран бүтээлч болон хамтлагаар сонгосон юм. Энэ үед хамтлаг Pretenders хамтлагийн 2000 miles дууг дуурайж дуулсан юм (Энэ дуу нь албан ёсны сайтад татагдахаар тавигдаж байсан). 2000 Miles тухайн жилийнхээ Их Британийн хамгийн их борлогдсон дуугаар тодорсон бөгөөд худалдаанаас олсон орлогоо "Ирээдүйн ой мод" болон "Хүч хэрэглэх явдлыг зогсоо" кампанит ажилд хандивласан юм. A Rush Of Blood To The Head цомог нь 2003 оны Грэммийн шагналын шилдэг альтернатив цомгоор тодорсон бөгөөд 2004 оны Грэммийн шагналаар Clocks дуу нь жилийн шилдэг бичлэгээр шалгарсан юм.

Гол өгүүлэл: X&Y
Барселона хотод 2005 он

2004 онд тэд олны анхаарлын төвөөс хол байсан үе юм. Аялан тоглолтоо завсарлан 3 дахь цомгоо бичүүлж байхдаа The Nappies нэртэй хошин клиптэй дуугаа гаргасан юм. X&Y цомог нь 2005 оны зун Их Британи болон Европт нээлтээ хийсэн байна. Энэ шинэ цомог нь санхүүгийн асуудлаас болж, товлогдсон өдөр нь нэг жилээр саатсан юм. Учир нь тэр үед EMI студийн ханш унаад байсан юм. Энэ цомог 2005 оны хамгийн их борлуулалттай цомгоор тодорсон бөгөөд дэлхий даяар 8.3 сая борлогдсон байна. Анхны сингл "Speed Of Sound" нь 4 сарын 18-нд радио болон онлайн хөгжмийн дэлгүүрүүдээр цацагдаж эхэлсэн, харин 5 сарын 23-нд CD хэлбэрээр гарсан байна. Цомог 20 орны албан ёсны цомгийн чартуудыг тэргүүлсэн байна, энэ нь Их Британийн түүхэн дэх хамгийн хурдан борлуулалтай цомгийн 3-т орсон байна.

Мөн нэмж 2 сингл нь тэр жилдээ гарсан байна. "Fix You" 9-р сард , "Talk" 12 сард гарсан. Гэвч мэргэжилтнүүд энэ цомгийг магтахаасаа илүүтэйгээр өмнөх цомгуудаа бодвол засварлагдсан, хиймэл гэж үзэн үл ойшоож, өөлж байв. "New York Times" сонины сэтгүүлч Жон Пэйрлэс Coldplay-г тодорхойлохдоо ойрын арван жилийн хамгийн тэсвэрлэшгүй хамтлаг хэмээн нэрлэсэн байна. Тэгэхэд Pitchfork Media (интернэтэд суурилсан үнэлгээ өгдөг газар) боломжит 10 онооноос 4.9 оноо өгсөн. Тэд үүнийгээр тайлбарлахдаа зөөлөн, гэвч ямар ч тэмүүлэл байхгүй, сонсголонтой боловч ямар ч дурсамжтай зүйл алга гэж нэрлэсэн. U2 (Өнөө цагийн шилдэг хамтлаг. Ихэнх мэргэжилтнүүд энэ хамтлагийг Их Британийн альтернатив рокийг үндэслэгч гэж хүлээн зөвшөөрдөг) болон Coldplay нарын харьцуулалт улам бүр энгийн болж ирж байна. Крис Мартин дараа нь өөрийнхөө хамтлагийг U2-тэй харьцуулахыг хүсээгүй ба хамгийн зохистой харьцуулалт бол "How to Dismantle an Atomic Bomb" (U2-ийн 2004 онд гаргасан цомог) гэж онцолж, энэ цомог нь биднийг чөлөөтэй сэтгэх боломжтой болгосон гэж хэлжээ.

Тэд "Twisted Logic" аялан тоглолтоо 2005 оны 6-р сараас 2006 оны 7-р сар хүртэл үргэлжлүүлсэн ба эдгээрийн дотор "Coachella Valley Music and Arts Festival", "Isle of Wight Festival", "Glastonbury" болон Austin City Limits Music Festival гэх мэт наадмуудыг нэрлэж болох юм. 2005 оны 6-р сард хамтлаг Лондон хотын Хайд паркт "Live 8" тоглолтод оролцсон ба тэр үеэр "The Verve" хамтлагийн хит дуу "Bitter Sweet Symphony"-г хамтлагийн дуучин Ричард Эшкрофттой хамтран дуулсан байна. Тэр оныхоо 8 сарын 28-нд Coldplay Майами хотод 2005 MTV Video Music Awards-йн үеэр "Speed of Sound" дуугаа дуулсан байна. 9 сард нь тэд War Child (дайнгүй энхтайвныг дэлгэрүүлэх үзэлтэй төрийн бус байгууллага)-ын Help!: A Day in the Life нэртэй буяны цомогт зориулж, How You See the World дуугаа үгийг нь өөрчлөн шинэчлэн гаргасан. 2006 оны 2-р сард Coldplay Брит авардсаар шилдэг цомог, шилдэг сингл шагналыг авсан байна. 2006 оны дундуур нэмж "The Hardest Part" and "What If" гэсэн 2 синглээ гаргасан. Энэ цомгийн сүүлчийн сингл болох "White Shadows"-оо 2007 оны 6-р сарын дундуур Мексикт гаргасан байна.

2007-2010: Viva la Vida or Death and All His Friends

[засварлах | кодоор засварлах]

2006 онд Coldplay продюсер Брайанн Енотой хамтран 4 дэх цомог болох Вивa Ла Вида цомгийнхоо ажилд оржээ. Бичлэгийн хажуугаар хамтлаг 2007 онд Мексик, Бразил, Аргентин, Чили гэх мэт Латин Америкаар аялан тоглолт хийж байв. Аялан тоглолтын үер Латин Америк болон Испанид байх сүм болон бусад газруудад шинэ цомгийн зарим бичлэгээ хийсний дараа тэд шинэ цомог нь Испани шинж чанар агуулсан гэдгээ зарлажээ. Латин Америкийн аяллын дараа тэр жилээ продюсер Енотой бичлэгээ хийж байв.

Coldplay-н Вива Ла Вида гэх шинэ хандлагыг Мартин "гурвалсан зохиол гэгддэг байсан өмнөх гурван цомгоос өөр өнгө аястай" хэмээн тайлбарлав. Цомгийн анхны дуу болох Violet Hill 2008 оны 4 сарын 28-нд анх радиогоор цацагдаж эхлэв. Эхний цацалтын дараа Coldplay-н вебсайтад 5 сарын 6 хүртэл үнэгүй татаж авах боломжтой болгосон ба энэ хугацаанд Violet Hill дууг 2 сая хувь татаж авжээ. Violet Hill дуу Британийн Топ 10, АНУ Топ 40 чартад орж ирсэн ба бусад улс орны чартад ч дээгүүр байр эзэлж байв. Цомгийн нэр болох Вила Ла Вида дуу нь анх зөвхөн iTunes дээр цацагдаж эхэлжээ. Энэ дуу нь хамтлагийн Биллборд болон Британийн чартыг тэргүүлсэн анхны дуу болов. Вива ла Вида цомог худалдаанд гармагцаа Британийн цомгийн чартад нэгт орж, 302,000 хувь борлогдов. Британийн түүхэн дэх хамгийн хурдан зарагдсан цомгуудын нэг хэмээн BBC дурьдаж байв. 6-р сарын сүүлээр Вива Ла Вида бүх цаг үеийн хамгийн их татагдсан цомог болов. 2008 онд Coldplay Вива Ла Вида цомгоороо Британийн Q авардад Шилдэг цомог болон Шилдэг бүтээл номинацид түрүүлжээ. 2008 оны 10 сард Монте Карлод болсон World Music авардад 2008 оын Дэлхийн шилдэг борлуултай бүтээл хэмээн нэрлэгджээ. Тэд Дэлхийн шилдэг борлуулалттай Рок бүтээл болон Британийн шилдэг борлуулалттай бүтээл номинацийн ялагч болжээ.

2008 он тэд BBC телевизийн төвийн гадна Viva la Vida Tour нэртэй тоглолтоо толилуулж байна

Хамтлаг 2008 оны 11 сарын 21-нд Prospekt's March /EP/ хэмээх Вива Ла Вида цомгийн өргөтгөсөн хувилбараа гаргажээ. Coldplay 6 сард Вива Ла Вида аялан тоглолтоо Лондоны Brixton Academy дахь үнэгүй концертоор эхэлжээ. 2 өдрийн дараа аялал үргэлжлэн BBC телевизийн гадаа шууд дамжуулалтайгаар 45 минутаар 2 өдөр тогложээ. 2008 оны сүүлээр Jay-Z-тэй хамтарсан Lost дуу нь цомгийн 3 дахь дуу болон гарчээ. 2009 оны 3 сарын 14-нд Sydney Cricket Ground-д болсон Sound Relief тоглолтын бүх билет нь худалдаанд гарсан өдрөө зарагдаж дууссан. Sound Relief нь Викториагийн ойн түймэр болон Күйнслэндийн үерт хохирсон хохирогчдод зориулсан хандивын тоглолт юм. 2008 оны 12 сарын 4-нд Жо Сатриани гэгч Coldplay-г зохиогчийн эрх зөрчсөн хэмээн АНУ-ын Калифорнийн шүүхэд өргөдөл гаргажээ. Сатрианийн өргөдөлд Coldplay-н Вива Ла Вида дуу түүний 2004 оны There Love in Space? цомогт орсон If I Could Fly дуунаас ая хулгайлсан гэсэн байв (дууны дахилтын хэсэг нь төстэй). Coldplay-н Виви Ла Вида дуун Грэмми авардаас оны шилдэг дууны төрөлд 2 шагнал хүртээд байв. Хамтлаг уг мэдэгдлийг үгүйсгэж байсан бөгөөд эцэст нь уг явдал хоёр талын тохиролцооны үр дүнд шийдэгджээ.

Энэхүү логог Coldplay хамтлаг Viva la Vida or Death and All His Friends болон Prospekt's March цомогтоо ашиглаж байв.
2008 тоглолтоо толилуулж байна

Coldplay 2009 оны BRIT авардад 4 номинацид нэр дэвшжээ. Британийн шилдэг хамтлаг, Британийн шилдэг амьд бүтээл, Британийн шилдэг дуу /Вива Ла Вида/, Британийн шилдэг цомог /Вива Ла Вида/. Тэр жилдээ 51 дэх Грэмми авардад Оны шилдэг дуу /Вива Ла Вида/, Шилдэг цомог /Вива Ла Вида/ Шилдэг поп тоглолттой хамтлаг гэсэн 3 номинацид түрүүлжээ. Аялан тоглолтуудын үеэр бичсэн дуунуудаар LeftRightLeftRightLeft нэртэй амьд цомог гаргажээ. LeftRightLeftRightLeft цомог нь 2009 оны 5 сарын 15-нд гарсан ба вебсайтад үнэгүй татаж авах боломжтой байв. Вива Ла Вида аялан тоглолтын дараахан Coldplay өмнө нь тоглолт хийж байсан Мексик, Аргентин, Бразил, Колумб гэх мэт Латин Америкийн орнуудаар 2010 оны хоёр, гурван сард аялан тоглолт хийхээ зарлажээ. 2009 оны 10 сард, Coldplay Лондонд болсон Америкийн Зохиогчдын холбооны авардад Вива Ла Вида дуугаараа Оны шилдэг дуу шагнал авчээ.

Гол өгүүлэл: Mylo Xyloto

Хамтлаг Industrial (Рок урсгалын нэг төрөл) рок чиглэлээр 2011 оны дундуур шинэ цомогоо бичүүлж дуусгажээ. Мартин болон Чэмпион нар ББС Радиод цомгийнхоо өнгө аяс, сэдвийн талаар ярилцлага өгчээ. Мартин хэлэхдээ "Энэ бол хайр, муу зуршил болон өөрт чинь дургүй хүнтэй ажиллах болон зугтах тухай" гэж тайлбарласан байна. "Цомог энэ зун гарах уу, үгүй юу?" гэж асуухад Мартин болон Чэмпион нар цомгийг гаргахаас өмнө бидэнд хийх маш олон ажил байна гэж хэлсэн байна. Тэд мөн шинэ цомгоо гаргахаасаа өмнө хэд хэдэн наадамд оролцохоо мэдэгдсэн байна. Үүний эхлэл болгож Рок Верчтер, Гластонбури, T In The Park, Austin City Limits Music Festival, Rock In Rio болон Лоллапалооза наадмуудад оролцсон байна.

2011 оны 9-р сар Торонтод

2011 оны 1 сарын 13-нд өгсөн ярилцлагадаа Coldplay шинэ цомогтоо 2 шинэ дуу орохыг дурьдсан байна. Энэ дуунууд нь Princess Of China болон Every Teardrop Is A Waterfall юм. Дараа сарын сурвалжлагаар Parlophone-ы ерөнхийлөгч Майлс Леонард "HitQuarters-д хамтлаг нам жим байгаа, тэд студид цомог дээрээ ажиллаж байгаа, тэд эцсийн хувилбараа энэ жилийн намар багтаан гаргах зорилготой байгаа" гэж хэлсэн байна.

2011 оны 5 сарын 31-нд Coldplay тав дахь цомгийн эхний сингл болох "Every Teardrop Is a Waterfall" дуугаа гаргасан.

2011 оны 6-р сарын 3-нд тэд "Charlie Brown", "Hurts Like Heaven", "Us Against the World", "Princess of China" болон "Major Minus" гэсэн таван дуугаа танилцуулж бэлэг барьсан юм.

2011 оны 9-р сарын 24нд Coldplay Атланта хотод тоглолтоо хийж буй нь

2011 оны 8 сарын 12-нд Coldplay шинэ цомгийнхоо албан ёсны нэрийг өөрсдийн цахим хуудсаараа дамжуулсан зарласан юм. Мөн тэд шинэ цомгоо 2011 оны 10-р сарын 24-нд гаргахаар зарлажээ. 2011 оны 9-р сарын 12-нд хамтлаг шинэ цомгийнхоо 2 дахь сингл болох "Paradise" дуугаа гаргасан.

2011 оны 9-р сарын 23-нд Coldplay хамтлаг Европ дахь аялан тоглолтынхоо тасалбарыг худалдаалж эхэлсэн. Олон газар тоглогдох энэ тоглолтын тасалбар маш их эрэлт хэрэгцээтэй борлогдсон нь шинэ цомгийг маш эрэлттэй байхыг нотолсон юм. Ингээд Mylo Xyloto цомог 10-р сарын 24-нд дэлхий даяар худалдаанд гарч, шүүмжлэгчдээс магтаал шүүмлэл аль алиныг авч, дэлхийн 34 оронд борлуулалтаараа тэргүүлжээ.

Mylo Xyloto цомог худалдаанд гаргасны дараа Coldplay хамтлагийн лого.

2011 оны 10-р сарын 19-нд, Coldplay хамтлаг Apple компанийн үүсгэн байргуулагч Стив Жобсийг эцсийн замд нь үдэх арга хэмжээнд оролцож "Viva la Vida", "Fix You", "Yellow" болон "Every Teardrop is A Waterfall" дуунуудаа дуулжээ. 10-р сарын 26-нд Coldplay "Amex UNSTAGED" нэртэй тоглолтоо Испанийн нийслэл Мадрид хотын 'Plaza de Toros de Las Ventas' цэнгэлдэхэд хийснээр тэдний шинэ цомгийн 'Mylo Xyloto' нэртэй аялан тоглолт эхэлжээ. Энэхүү тоглолтыг YouTube цахим хуудсаар шууд дамжуулсан бөгөөд тэдний урт хугацааны хамтрагч Антон Корбжин найруулан хүргэжээ. 2011 оны 11-р сарын 30-нд, Coldplay 2012 оны 2-р сарын 12-нд Лос Анжелос хотноо зохиогдох 54 дэх удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолд 3 төрөлд дэвшжээ. Улмаар дуучин Рианнатай хамтран дуулахаар болсон байна. 2012 оны 1-р сарын 12-нд Coldplay BRIT Awards-ын 2 төрөлд нэр дэвшсэн бөгөөд 2012 оны 2-р сарын 21-нд нэр дэвшсэн нэг төрөл болох 'Британийн шилдэг хамтлаг' төрөлдөө 3 дахь удаагаа ялалт байгуулжээ. Mylo Xyloto нь Их Британийн хамгийн их борлуулалттай рок цомог болж чадсан бөгөөд Их Британид 908,000 хувь борлогджээ. Цомгийн 2 дахь сингл болон гарсан Paradise дуу нь мөн Их Британийн хамгийн их борлуулалттай рок сингл болсон бөгөөд 410,000 хувь борлогджээ. 2012 оны MTV Video Music Awards-т Coldplay 'Paradise' дууныхаа клипээр шилдэг рок клип хэмээн шагналыг хүртсэн. Одоогийн байдлаар Mylo Xyloto цомог нь дэлхий даяар 8 сая гаруй борлогдоод байна.

2012 оны 9-р сарын 9-нд, Coldplay 2012 оны Лондоны Паралимпийн хаалтын ажилгааг удирдан зохион байгуулсан бөгөөд энэ үеэрээ тэд дуучин Рианна болон рэппэр Jay-Z нартай хамтран уран бүтээлжээ толилуулжээ. Тэд мөн хаалтын ажилгааны үеэр Bandstand Marathon хэмээх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бүрдсэн хамтлагт өөрсдийн "Viva la Vida" дуугаа дуулах зөвшөөрөл олгожээ.

2012 оны 10-р сар, Coldplay өөрсдийн 'Hurts Like Heaven' дуундаа шинэ клип гаргасан бөгөөд энэхүү клипийг 'Mylo Xyloto' комик номноос сэдэвлэн бүтээжээ. Энэхүү 'Mylo Xyloto' комик нь 2013 оны эхээр худалдаанд гарч эхэлсэн бөгөөд нийтдээ 6 цуврал гарчээ. Mylo Xyloto цомгийн дуунуудын амьд тоглолтоос бүрдсэн 'Live 2012' нэртэй цомгоо 2012 оны 11-р сарын 13-нд дэлхийн өнцөг булан бүрийн кино театруудаар гарган, улмаар 2012 оны 11-р сарын 19-нд Сд болон ДВД хэлбэрээр худалдаанд гаргажээ.

Coldplay Mylo Xyloto аялан тоглолтдоо гэрэл болон лазерын эффектийг өргөнөөр ашиглажээ.

2012 оны 11-р сарын 21-нд, Mylo Xyloto аялан тоглолтын нэг хэсэг болох Австралийн Брисбэнд тоглолт хийснийхээ дараа тэд аялан тоглолтоосоо 3 жил завсарлаж байгаагаа мэдэгдсэн. Coldplay дуучин Jay-Z-тэй хамтран Брүүклиний Барклэйс Центэрт шинэ жилийн тоглолтоо хийсэн бөгөөд 2013 оны 2-р сард Латин Америкийн хэд хэдэн газар тоглолтоо хийхээр төлөвлөөд байсан юм. Mylo Xyloto Tour нь 2012 онд хамгийн их орлого олсон 4 дэх аялан тоглолтоор нэрлэгдсэн юм. Энэ тоглолтоороо тэд 171.3 сая долларын орлого олжээ. Австралийн 2dayfm радиогоор ярилцахдаа Крис Мартин "Дараагийн цомгийн нэр уншихад илүү амар байх болно" гээд дараагийн цомгийн ажилдаа аль хэдийн орсныг дурдсан юм.

2013 оны 8-р сарын 9-нд,Coldplay Atlas хамээх шинэ дуугаа гаргахаа зарлалаа, энэ дуу нь удахгүй гарсан The Hunger Games: Catching Fire киноны дуу юм. Энэ дуу нь 9-р сарын 6-нд дэлхий даяар худалдаалагдаж эхэлсэн бол Их Британид 9-р сарын 8нд худалдаалагдаж эхэлсэн.

2013 оны 12-р сарын 18нд, Billboard Coldplay-н шинэ бүтээлүүдийг цаашид Atlantic Records-р дамжуулан гаргахыг зарлажээ. Харин АНУ-д Warner Music Group-тэй хамтарч гаргах бөгөөд EMI болон Parlophone-г өөртөө эзэмшдэг юм.

Гол өгүүлэл: Ghost Stories ба Ghost Stories Tour
Энэхүү логог Coldplay хамтлаг "Midnight" дуугаа гаргасны дараагаас ашиглаж эхэлжээ.

2014 оны 2-р сарын 25-нд, Coldplay Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын цагаар 00:00-т шинэ цомгийн анхны дуу болох "Midnight"-н клипийг YouTube-р дамжуулан дэлхий нитийн хүртээл болгожээ.[1]2014 оны 3-р сарын 2-нд Coldplay хамтлаг өөрсдийн зургаа дахь цомог болох "Ghost Stories"-г 2014 оны 5-р сарын 19-нд гаргахаа зарласан бөгөөд энэхүү цомгийнхоо эхний сингл болох "Magic"-г тухайн өдөртөө худалдаанд гаргаж байжээ.[2] Ghost Stories нь 2 гол сэдэв дээр өрнөдөг сэтгэлийн холбоос дээр тулгуурласан цомог хэмээн Крис Мартин дурджээ. Энэхүү цомог нь өнгөрсөн үйл явдлуудын тухай бодлуудыг эрэн хайж, мөн ирээдүйд таны болон өөр хэн нэгний бүтэлгүй дурлал таны амьдралд хэрхэн нөлөөлөх тухай өгүүлдэг ажээ. Хамтлаг өөрсдийнхөө зургаа дах цомгоо өмнөх цомгуудаасаа ялгарахаар өөр арга барилыг сонгон авч бүтээхийг зорьжээ. Үүндээ Мартин бусад хамтлагуудийг урин цомгийнхоо үндсэн дууны материалуудтай танилцуулжээ. Үүгээрээ тэр өөрийнхөө дуу бүтээх санаагаа өөрчилж чаджээ.[3]

2014 оны 4-р сараас 7-р сарын хооронд Coldplay шинэ цомгоо сурталчлах "Ghost Stories Tour" аялан тоглолтыг 6 хотод хийхээр төлөвлөжээ. Эдгээрт: 5-р сарын 5-нд Нью-Йорк хотын Beacon Theatre, 5-р сарын 19-нд Лос Анжелес хотын Royce Hall, 5-р сарын 28-нд Парис хотын Casino de Paris, 6-р сарын 12-нд Токио хотын Tokyo Dome City Hall, 6-р сарын 19-нд Сидней хотын Enmore Theatre, 7-р сарын 2-нд Лондон хотын Royal Albert Hall-д тус тус тоглолтоо хийн аялан тоглолтоо өндөрлүүлжээ. Ghost Stories цомог нь анхны сингл болох "Magic"-ийн хамт iTunes-ээр дамжуулан захиалгаа авч эхэлжээ. Үүний дараа нь дахин "A Sky Full of Stars", True Love хэмээх синглүүд худалдаанд гарчээ. Ghost Stories нь шүүмжлэгчдээс ихэвчлэн өндөр үнэлгээ авсан байдаг.[4] Ghost Stories цомог нь Их Британи ,Америк болон бусад томоохон хөгжмийн зах зээлд тэргүүн байрт бичигдсэн.[5][6] Мөн Ghost Stories нь Грэмми шагналын Best Pop Vocal Album төрөлд, "A Sky Full of Stars" нь Best Pop Duo/Group Performance төрлүүдэд тус тус нэр дэвшжээ.[7]

2014 оны 12-р сард Spotify Coldplay хамтлагийг 2014 оны хамгийн эрэлттэй хамтлагаар нэрлэсэн бөгөөд Эд Шийран болон Эминэм дараагаар дэлхийн хамгийн их эрэлттэй уран бүтээлчээр нэрлэжээ.

2014 оны 12-р сарын 11-нд, Coldplay "Miracles" нэртэй шинэ дуугаа гаргажээ. Энэхүү дуу нь дэлхийн 2-р дайнаас сэдэвлэсэн "Unbroken" киноны албан ёсны дуу болон гарчээ.

2015-2018: A Head Full of Dreams

[засварлах | кодоор засварлах]
Хамтлаг Гластонбури 2016 хөгжмийн наадамд "Adventure of A Lifetime" дуугаа дуулж буй нь. Энэ нь тэдний 5 дахь удаагийн тоглолт бөгөөд үүнээс 4 удаад нь наадмыг манлайлж дээд амжилт тогтоогоод байна.

2014 оны 12-р сарын 4-нд хамтлагийн ахлагч Крис Мартин BBC Radio 1-т өгсөн ярилцлагадаа "Би та нарт өөрийн хэнд ч хэлээгүй нууцаасаа задлая, бид бүхэн өөрсдийн 'A Head Full of Dreams' нэртэй шинэ цомог дээр ажиллаж байгаа. Энэ бидний 'сүүлчийн' цомог байх болно, яг л 'Харри Поттер' шиг" хэмээн хэлснээр тэд өөрсдийн долоо дахь студи цомогоо 2015 онд гаргах гэж буй нь тодорхой болжээ. 2015 оны 9-р сарын 18-нд Coldplay АНУ-ын Лас Вегас хотноо зохиогдсон iHeartRadio Music Festival 2015 арга хэмжээнд оролцож Paradise, Viva la Vida, Clocks, Fix You, A Sky Full of Stars хэмээх 5 дуугаа дуулсан.

Английн жүжигчин Анди Серкис хамтлагийн "Adventure of A Lifetime" дууны клипийг продюсер хийсэн. Энэхүү клип нь шимпанзенуудын үйл явдлаар өрнөдөг.[8]

2015 оны 11-р сарын 5-нд Coldplay өөрсдийн цахим хуудсаараа 11-р сарын 6-нд Их Британийн цагаар өглөөний 07:45-д шинэ дуугаа гаргана гэсэн утгатай бичлэгээ цацсан бөгөөд маргааш нь товлосон цагтаа өөрсдийн шинэ цомог болох "A Head Full of Dreams" цомгийн эхний сингл болох "Adventure of A Lifetime" дуугаа BBC Radio 1 болон Radio 2-р шууд дамжуулжээ. Үүний дараа тэд "A Head Full of Dreams" цомгоо танилцуулж, 12-р сарын 4-нд худалдаанд гаргахаар товложээ.

2015 оны 11-р сарын 27-нд Coldplay өөрсдийн A Head Full of Dreams аялан тоглолтын хуваарийг танилцуулжээ. Энэхүү аялан тоглолтод Латин Америк болон Европ тивүүдэд хийх хэд хэдэн тоглолт багтсан байдаг. 12-р сарын 3-нд Coldplay Super Bowl 50 шоуны завсарлагааны уран бүтээлчээр зарлагдсан бөгөөд улмаар 2-р сарын 7-нд тоглолтоо хийсэн. Энэхүү тоглолтод дуучин Бруно Марс болон Биёонсэ нар хамтран оролцсон. 2016 оны 4-р сард, Coldplay 2015 оны хамгийн их борлуулалт хийсэн уран бүтээлчдийн #6-р байрт нэрлэгджээ.

2015 оны 11-р сарын 27-нд, Coldplay өөрсдийн Facebook хуудсаараа дамжуулан "Adventure of A Lifetime" дууныхаа клипийг анх удаа цацжээ. Энэхүү клипийн зураг авалтыг Английн жүжигчин Анди Серкисийн эзэмшдэг The Imaginarium студид хийж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү студи нь Planet of the Apes болон Rise of the Planet of the Apes кинонуудыг бүтээж байсан газар юм.[8]

Coldplay A Head Full of Dreams аялан тоглолтоороо "Heroes" дууг тоглож буй нь (Амстердам, Арэна,2016 он)

2016 оны 6-р сарын 26-нд, Coldplay Английн Гластонбури 2016 хөгжмийн наадмын сүүлчийн өдөр тоглолтоо хийсэн, Тэд тоглолтдоо Bee Gees хамтлагийн Барри Гиббстэй хамтран, Bee Gees хамтлагийн "To Love Somebody", "Stayin' Alive" дуунуудыг тоглосон. 2016 оны 7-р сарын 18-нд Coldplay Нью-Жерси хотын Metlife Stadium-д хийсэн тоглолтдоо "Back to The Future" киноны хэсгээс Майкл Ж.Фокстой хамтран тоглосон. Тэд тайзнаа Фоксыг урихаас өмнө "Earth Angel" дууг дуулсан ба улмаар Фокстой хамтран Чак Бэррийн "Johnny B Goode" дууг хамтран тоглосон.

2016 оны 11-р сарын 19-нд, Coldplay хамтлаг Global Citizen India наадмын хүрээнд анх удаа Энэтхэг улсад тоглолтоо хийсэн бөгөөд энэхүү тоглолтод Болливүүдын одууд хамтран оролцож, нийт 80,000 гаруй хүн үзсэн байна. Мөн тэд Лондоны Absolute Radio болон Magic Radio-д өгсөн ярилцлагадаа удахгүй шинэ уран бүтээлүүдээсээ бүрдсэн "Kaleidoscope" нэртэй EP цомгоо гаргах гэж буйгаа мэдэгдсэн. Үүнийгээ Крис Мартин A Head Full of Dreams-ээс үлдсэн хэд хэдэн санаанаас уран гарч ирсэн хэмээн тайлбарлажээ. Удалгүй Coldplay өөрсдийн цахим сүлжээнүүдээрээ дамжуулан шинэ EP цомгоо 2017 онд гаргахаа мэдэгдсэн.

Coldplay 2017 онд Парис хотноо тоглолтоо хийж буй нь

2017 оны 2-р сарын 22-нд, хамтлаг Америкийн ДЖ хослол The Chainsmokers хамтлагтай хамтран дуулсан "Something Just Like This" дуугаа худалдаанд гаргасан. Энэ дуу нь The Chainsmokers хамтлагийн анхны цомог 'Memories...Do Not Open' цомогт нь багтсан ба тэд энэхүү дуугаа 2017 оны BRIT Awards дээр анх удаа амьдаар дуулсан. 3-р сарын 2-нд, хамтлагийн дуучин Крис Мартин-н 40 насны төрсөн өдрөөр Coldplay өөрсдийн шинэ EP болох Kaleidoscope-г 2017 оны 6-р сарын 2-нд худалдаанд гаргахаа мэдэгдэж EP-д багтах дуунуудаа танилцуулсан. Энэ үеэрээ тэд EP-д багтах сингл-бус дуу 'Hypnotised'-г танилцуулж худалдаанд гаргасан. Улмаар Kaleidoscope EP худалдаанд гарах өдрөө хэд хэдэн удаа хойшлуулсны эцэст 2017 оны 7-р сарын 14нд Дижитал болон Стрим платформуудаар дамжуулан цацагдсан бол 8-р сарын 2нд СД болон Пянз хэлбэрээр худалдаанд гарсан.

2017 оны 8-р сарын 15нд, хамтлаг 2017 оны 11-р сард өөрсдийн A Head Full of Dreams аялан тоглолтоосоо бүрдсэн кино гаргахаа мэдэгджээ (Одоо 2018 он гарсан боловч хараахан гараагүй байна).[9] 2017 оны 10-р сарын 8нд, Coldplay өөрсдийн "Life is Beautiful" нэртэй шинэ дуугаа танилцуулжээ. Энэ дууг 9-р сарын 19нд Мексикт болсон газар хөдлөлтөнд нэрвэгдсэн иргэдэд зориулан бүтээсэн. Энэ дууг "Estamos Unidos Mexicanos" хандивийн тоглолтийн төгсгөлд Coldplay хамтлагийн Сан Диего хотын SDCCU Stadium-д хийсэн тоглолтоос хамтлагийн "Fix You", "Viva la Vida", "Adventure of A Lifetime" дуунуудын хамтаар шууд дамжуулан хүргэсэн. Мартин хэлэхдээ тухайн тоглолтын болон "Life is Beautiful" дууны олсон бүх орлогыг Мексик болон бусад улсуудад нүүрлэсэн гамшгийг арилгахад зориулна гэдгийг мэдэгдсэн.[10] A Head Full of Dreams аялан тоглолт 2017 оны 11-р сард өндөрлөж нийт 523 америк долларын орлого олсоноороо бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон хөгжмийн аялан тоглолтын 3-р байранд бичигдсэн.[11]

2018 оны 11-р сарын 30нд, Coldplay Global Citizen EP 1 цомгийг Los Unidades нэрийн дор гаргасан. Энэ цомогт багтсан "E-Lo" дууг Pharrell Williams болон Jozzy-той хамтран дуулсан.[12] Энэхүү EP-с олсон орлогыг ядуурлыг бууруулах үйл ажилгаанд хандивлана.[12]

Гол өгүүлэл: Everyday Life
Coldplay 2020 оны 1-р сард ALTer EGO концертийн үеэр

2019 оны 9-р сарын 26нд, Global Citizen Coldplay хамтлагийг 2020 оны 9-р сарын 26нд болох Global Goal Live: The Possible Dream тоглолтонд оролцохыг мэдэгджээ.[13] 2019 оны 10-р сард хамтлаг фенүүдрүүгээ захиа явуулж эхэлсэн. Энэхүү захианд Coldplay өөрсдийн "Everyday Life" нэртэй 8 дах студийн цомогоо 11-р сард гаргах гэж байгаа мэдэгджээ. Цомогт багтсан дуунуудын жагсаалт Британы дотоодын сонингуудаар дамжуулан нийтэд ил болсон бөгөөд үүний дотор Умард Уэльсийн өдрийн сонин болон(Энд хамтлагийн гитарчин Жонни Баклэнд амралтаараа ажилдаг байсан) Эксэтэр хотын Express & Echo (Крис Мартины төрөлх газрын сонин)-д тус тус нийтлэгджээ. Цомог 2019 оны 11-р сарын 22нд хамтлаг Иордан улсын Амман хотноо хийсэн тоглолттой зэрэгцэн дэлхий даяар худалдаанд гарчээ. Тус тоглолтийг YouTube платформоор шууд дамжуулсан бөгөөд 'Sunrise' болон 'Sunset' гэсэн 2 хэсгээс бүрдсэн. Мартин тоглолтийн өмнө цомгийн аялан тоглолт хийхгүй гэдэгээ мэдэгдсэн ба дэлхийд ээлтэй, хор хөнөөл багатай байдлаар аялан тоглолтоо хийх зорилго тавьсан гэдгээ мэдэгдсэн. Мөн хамтлаг ClientEarth-н хандивын хүрээнд Лондон хотын байгалийн түүхийн музеид тоглолтоо хийсэн.

2021 оноос хойш : Music of the Spheres

[засварлах | кодоор засварлах]
Гол өгүүлэл: Music of the Spheres

2021 оны 4-р сарын 29нд, Coldplay "Higher Power" нэртэй шинэ сингл 2021 оны 5-р сарын 7нд гаргахаа зарласан шинэ сингл гаргах үеэр хамтлаг олон улсын санссарын станцтай холбогдож ярилцлага авсан. Хамтлагийн дуучин Крис Мартин Заин Лавийн ярилцлаганд орох үеэрээ шинэ сингл болон цомог дээрээ Шведийн продюсер Макс Мартинтай хамтран ажиллаж байгаа тухайгаа ярилцсан бөгөөд тэрээр нэмж хэлэхдээ: "Макс одоо бидний хийх бүх зүйлийн продюсер байх болно." хэмээн хэлсэн.[14] 2021 оны 5-р сарын 4нд Coldplay Британы хөгжмийн шагнал гардуулал ёслол "2021 BRIT Awards"-г өөрсдийн шинэ синглээрээ нээхээр зарлагдсан.[15] 2021 оны 5-р сарын 22нд, тэдний Гластонбири фестивалд зориулан урьдчилан бичигдсэн тоглолт шууд дамжуулагдсан.[16] Энэ үеэрээ тэд өөрсдийн "Human Heart" нэртэй дуугаа анх удаа дуулсан бөгөөд энэ дээрээ R&B хослол King-тэй хамтарсан.[17] 2021 оны 6-р сарын 8нд, "Higher Power" синглийн албан ёсны клип цацагдсан. Энэхүү видеог Dave Meyers найруулсан ба өмнөд солонгосын бүжгийн хамтлаг Ambiguous Dance-тай хамтарсан.[18]

Coldplay BBC-н Broadcasting House-д хийсэн тоглолтынхоо дараа

Music of the Spheres цомог Их Британы цомгийн чартын тэргүүн байранд бичигдсэн.[19] Ингэхдээ тэд 2019 онд гарсан Ed Sheeran-н No.6 Collaborations Project цомгоос хойших Британы хамгийн хурдан борлуулалттай цомог болж чадсан.[20] Цомог АНУ-н Биллбоард 200 чартад 4-р байранд бичигдсэн[21] ба 'Top Alternative Albums' болон 'Top Rock Albums' чартуудыг тэргүүлсэн.[22] 2021 оны 10-р сарын 14нд, хамтлаг өөрсдийн 8дах аялан тоглолт Music of the Spheres World Tour-г зарласан. Тэд аялан тоглолтоо 2022 оны 3-р сард Коста Рика улсын Сан Хосе хотоос эхлүүлэн улмаар дэлхийн 3 тивд тоглолтоо одоогоор зарлаад байна. Цаашид ч нэмэлт тоглолтууд зарлагдахаар хүлээгдэж байна.[23] 2021 оны 11-р сарын 23нд, "Higher Power" 64 дэх удаагийн Грэмми шагналын "Шилдэг Поп хамтлаг/хамтрал" төрөлд нэр дэвшсэн.[24] 2021 оны 12-р сарын сүүлээр өгсөн ярилцлагандаа, Мартин Coldplay-г 2025 он хүртэл 3 цомог нэмж гаргах төлөвлөгөөтэй байгааг дурдаад үүний дараа тэд дахин цомог хийх бодолгүй байгааг мэдэгджээ.[25] Гэсэн ч тэд 2025 оны дараа идэвхтэй хэвээр байх бөгөөд аялан тоглолтоо хийсээр байх болно хэмээн хэлжээ.[26]

Хөгжмийн хэв маяг

[засварлах | кодоор засварлах]

Coldplay хамтлагийн ахлагч Крис Мартин нэгэн удаа хамтлагийн хөгжмийг хард роктой харьцуулбал тэдний сэтгэл хөдлөл боржин рок хэмээн өгүүлсэн байдаг. Хамтлагийн дуунуудыг бодлогоширсон ба блю романтик гэж нэрлэдэг. Энэ нь тэдний сэтгэлийн хөдөлгөөн, ялангуяа Мартины дуусашгүй эрч хүчний мэдрэмжийг тодотгож өгсөн байдаг. Мартины уянгалаг байдал, үгийн сонголтыг нь авч үзвэл эмэгтэйлэг гэж үздэг. Тухайлбал Geneva хамтлагийн Эндрю Монтгомерттай төстэй гэж үздэг. 1990-ээд оны сүүлээр гаргасан EP цомгууд нь "dream pop" хэв маягтай байсан ба түүний үргэлжлэл болсон анхны студи цомог Parachutes нь мелодик поп гэж тайлбарлагддаг бөгөөд тэдний анхны студи цомгийн дуу эгшгийг тайлбарлахдаа поп урсгалыг гитарын хэв маягийг өөрчлөн гоёмсог зохилдлогоо уянгалуулан тодорхойлсон гэж үздэгээс гадна бүрэн харанхуй болон уран сайхны хатуу гэж үздэг .Coldplay-г альтернатив рок урсгалын төлөөлөл болох U2, Oasis, Radiohead, Travis хамтлагуудтай харьцуулдаг. Түүний дотроос Шотландын алтернатив рок хамтлаг Travis-ийг Coldplay хамтлагийн эхэн үеийн дуунуудад хамгийн ихээр нөлөөлсөн гэж үздэг.

Coldplay 2016 онд Уэмблийн цэнгэлдэхдэд тоглолтоо хийж буй нь. Тэдний тоглолт лазер гэрэл, өнгөр агаарын бөмбөлөг, гэрэлтдэг бугуйвч зэргийг багтаасан байдаг.

Тэдний 2 дахь студи цомог A Rush of Blood to The Head нь Echo & the Bunnymen, Кэйт Буш, Мюз хамтлаг, Жорж Харрисон зэрэг уран бүтээлчдийн бүтээлүүдээс сэдэвлэсэн байдаг. Энэхүү цомогт багтсан дуунууд нь "удаан аялгуутай, зүрх эмтэлсэн" өнгө аястайн дээр "өөртөө итгэх итгэл"-тэй болгох хэв маягтай байдаг. Тэдний 3 дахь цомог болох X&Y-т хамтлагийн дуучин Крис Мартины эргэлзээ, айдас, итгэл, хайр түлхүү багтсан байдаг.

Viva la Vida or Death and All His Friends цомогт Coldplay хамтлаг хэв маягаа эрс өөрчилж эхэлсэн гэж хэлж болно. Тэдний хэв маяг арт рок(урлагийн рок) буюу дуугаараа дамжуулан тухайн үеийн нийгэм соёл, улс төр, дайн ба энхтайвныг дүрсэлж эхэлсэн. Тэд Blur,Arcade Fire болон My Bloody Valentine хамтлагуудыг дуурайх болсон. Coldplay энэ цомогтоо олон төрлийн хөгжмийн зэмсэг, найрал дууг туршин ашигласан байдаг. Mylo Xyloto цомог нь Viva la Vida цомгоос гарч ирсэн хайр болон дайнаас үүдэлтэй үйл явдлуудыг өөртөө агуулснаас гадна Viva la Vida цомгийн акустик болон цахилгаан гитарын элементүүдийн хүрээг улам тэлж өгснөөрөө онцлогтой. Дууны үгний хэв маяг нь граффити (гудамжны бичмэг будаг) болон Германы эсэргүүцлийн хамтлаг болох White Rose-с авсан байдаг.

Coldplay хамтлагийн дэлхий дахинд олсон амжилтын талаар Parlophone хөгжмийн рекордсийн ерөнхийлөгч Майлс Леонард: "Тэдний олон нууцын нэг нь, тэд хэзээ ч Их Британийн орон нутгийн бусад хамтлагууд шиг нэгэн хэвийн дуугаралтай байгаагүй" гээд, дээр нь "зарим хамтлагууд Британи хамтлаг гэдгээрээ бахархдаг, зарим нь бүүр хэтэрхий 'Британи' хэв маягтай болж ирдэг. Харин Coldplay огт тийм биш, тэд нэг талаасаа Британи аялгуутай сонсогддог, харин нөгөө талаасаа тэд дэлхийн томоохон уран бүтээлчид шиг сонсогддог." хэмээн тайлбарлажээ. 2011 онд Coldplay хамтлагийг "рок улстөрчид" буюу рок урсгалын хэв маягийг тодорхойлогчид хэмээн сайшаасан байдаг.

Үзэл баримтлал ба бусад үйл ажиллагаанууд

[засварлах | кодоор засварлах]
Крис Мартин Make Trade Fair (MTF) аяны урлагийн гол төлөөлөгч

Тэдний анхны цомог болох Parachutes-аас "Don't Panic" , "Trouble" , "Yellow" хэмээх хит дуунууд гарч ирсэн байдаг. Тухайн үед дэлхийн томоохон брэндүүд болох Coca-Cola, Gatorade тэдний эдгээр дууг ашиглан сурталчилгаа хийх олон сая долларын гэрээг хамтлагт тавьсан байдаг. Гэвч тэдний аль ч Coldplay-тэй тохиролцоонд хүрч чадаагүй. Энэ талаар хамтлагийн төгөлдөр хуурч, гитарчин, дуучин Крис Мартин хэлэхдээ "Бид ямар нэгэн ашгийн төлөөх уран бүтээлчид биш бид дуугаа хэн нэгэнд зарахыг огт хүсдэггүй" хэмээн хэлж байжээ.

"Viva la Vida" дуу нь iTunes Store-н рекламд тоглогдсон нь Coldplay-н хувьд анхны тохиолдол болжээ. Үүний дараа iTunes энэхүү дууг онлайнаар борлуулж эхэлжээ. 2010 оны 9-р сарын Apple компанийн тусгай арга хэмжээнд Крис Мартин оролцон хэд хэдэн дуугаа дуулсан билээ. Энэ үеэрээ Крис Мартин Apple компанид "Viva la Vida"-г борлуулж өгсөн явдалд талархсанаа илэрхийлжээ. Стив Жобсыг өөд болсны дараа Coldplay хамтлаг Apple компанийн төв байрны гадаа хүрэлцэн ирж, 4 дуугаа дуулж хүндэтгэл үзүүлсэн байдаг.

Coldplay нь Эмнести Интернэшнл байгууллагын үйл ажилгааг дэмждэг ба түүнийхээ хүрээнд 2012 онд болсон The Secret Policeman's Ball-д оролцжээ. Крис Мартин шударга тэгш эрхийн төлөө тууштай тэмцэгч олны танил хүмүүсийн нэг бөгөөд Oxfam-ийн Make Trade Fair аяныг дэмждэг. Тэр Oxfam-н хамтаар дэлхийн олон улс орнуудад аялсан байдаг. Тэр "Make Trade Fair" гэсэн бугуйвчийг олон нийтийн өмнө ил гарахдаа, ялангуяа Coldplay-н тоглолтын үеэр зүүсэн байдаг. Мөн Coldplay хамтлаг Make Poverty History үйл ажиллагааг дэмжсэн байдаг.

Coldplay нь өөрсдийн гайхалтай дуу болон цомгоороо дэлхийн олон сая хүний хайр хүндэтгэлийг хүлээдэг. Тэд алдартай болсноосоо хойш цаг үргэлж нийгмийн олон үр өгөөжтэй үйл ажиллагаа болон хандивын аянд идэвхтэй оролцсоор ирсэн. Учир нь тэд олсон орлогынхоо 10 хувийг тогтмол хандивладаг. 2009 оны 6-р сард Coldplay хамтлаг "Махгүй хоолтой даваа гараг" хэмээх Битлз хамтлагийн Пол Маккартнийн эхлүүлсэн аянд нэгдэж, дэлхийн уур амьсалын өөрчлөлтийг удаашруулан зогсооход хувь нэмрээ оруулах үүднээс хүмүүсийг 7 хоногт дор хаяж 1 удаа мах махан бүтээгдэхүүн ороогүй хоол хэрэглэхийг уриалжээ. 2009 оны 9-р сарын 17-ноос 9-р сарын 31-ний хооронд Coldplay хамтлаг өөрсдийн анхны дуудлага худалдаагаа зарлажээ. Үүгээрээ тэд өөрсдийн анхны гитар, Viva la Vida аялан тоглолтод ашиглаж байсан "Viva" нэртэй гитар, Parachutes цомгийн нүүрэн дээр байдаг дэлхийн бөмбөрцөг, Strawberry Swing дууныхаа клипэнд ашиглаж байсан нөмрөг гэх мэт олон зүйлийг дуудлага худалдаагаар зарж, олсон бүх орлогыг Британы хүүхдийн төлөөх "The Kids Company"-д хандивлажээ. 2012 оны 11-р сараас 12-р сарын хооронд Album Artists (www.albumartists.co.uk) нь Coldplay хамтлагтай хамтран Mylo Xyloto цомгийн зургуудыг дуудлагаар худалдан 610,000 фунт стерлинг олж, орлогоо Лондон хотын ядуу бууртай амьдралтай хүүхдүүдэд хандивлажээ. 2014 оны 11-р сард Крис Мартин 'Band Aid 30' хандивын хамтлагт нэгдэж британи, ирланд уран бүтээлчидтэй хамтран "Do They Know It's Christmas?" дууг дуулжээ. Үүнээс олсон орлогыг Африк тивд дэгдээд байсан эбола өвчний эсрэг үйл ажиллагаанд хандивлажээ. Энэ үйл явдал нь Крис Мартины хувьд 2 дахь тохиолдол болсон бөгөөд өмнө 2004 онд Coldplay хамтлагийн хамтаар 'Band Aid 20' аянд оролцож байжээ.

2016 онд Coldplay Британийг Европын Холбооноос гарах эсэх санал асуулгад эсрэг санал өгсөн ч нийт ард иргэдийн 52 хувь нь Европын холбооноос гарахыг дэмжсэн билээ. Үүнд хамтлагийн дуучин Крис Мартин хэлэхдээ: "Энэхүү шийдвэр биднийг болон бидний үеийн ихэнх хүмүүсийн үзэл бодлыг төлөөлөхгүй" хэмээн мэдэгдсэн.

2017 оны 6-р сарын 4нд, Coldplay One Love Manchester хандивийн тоглолтонд оролцсон бөгөөд энэ үеэрээ тэд өөрсдийнхөө дууг дуулахаас гадна Oasis хамтлагийн "Don't Look Back in Anger" болон "Live Forever" дууг Лиам Галлахертай хамтран дуулсан. 2017 оны 9-р сарын 24нд, Крис Мартин болон Жонни Баклэнд нар "Concert for Charlottesville" арга хэмжээнд уригдан оролцсон. Энэхүү арга хэмжээ нь 2017 оны 8-р сарын 12нд болсон "Unite the Right rally" цуглааны нэгдлийн концерт юм.

Тэдний амжилтууд

[засварлах | кодоор засварлах]

2011 оны 10 сарын 26-нд тэд Испани улсын Мадрид хотын Plaza de Toros de Las Ventas-д "Amex Unstaged" нэртэй концертоо тавьсан. Энэ тоглолтыг Антон Корбжин найруулсан ба Youtube сайт албан ёсны цахим хамтрагчаар ажиллан, өөрийн цахим хуудсаар шууд дамжуулсан үзүүлжээ.

Coldplay хамтлагийн лого

2011 оны 11 сарын 30-нд Coldplay хамтлаг 54 дэх Грэмми авардст 3 төрөлд нэр дэвшив. Тэд Грэмми авардсаар дуучин Рианнатай хамтран Princess of China дуугаа дуулсан юм. 2012 оны 1-р сард BRIT Авардсын 2 төрөл болох шилдэг цомог болон шилдэг Британийн хамтлагт нэр дэвшсэн юм. 2 сарын 21-нд Coldplay хамтлаг Их Британийн шилдэг хамтлагаар 3 дахь удаагаа шалгарлаа. Тэдний шинэ гаргасан цомог хамгийн их борлуулалтай рок цомог болсон юм. Их Британид гэхэд л 908,000 хувь борлогджээ. Цомгийн 2 дахь сингл Paradise нь Их Британид гэхэд л 410,000 хувь борлогдож, тус улсын хамгийн их борлуулалтай рок сингл болж чаджээ.

Хамтлагийн бүрэлдэхүүн

[засварлах | кодоор засварлах]
Нэр Бүтэн нэр Үүрэг Төрсөн өдөр, газар
Крис Мартин
(Chris Martin)
Англи Кристофер Антони Жон Мартин (Christopher Anthony John Martin) Дуучин, төгөлдөр хуурч 1977 оны 3 сарын 2 (1977-03-02) (
  1. REDIRECTЗагвар:25 настай), Лондон, Эксэтер
Жонни Баклэнд
(Jonny Buckland)
Англи Жонаттан Марк Баклэнд (Jonathan "Jonny" Mark Buckland) Гоцлол гитарчин 1977 оны 9 сарын 11 (1977-09-11) (
  1. REDIRECTЗагвар:25 настай), Лондон, Ислингтон
Гай Бэрримэн
(Guy Berryman)
Шотланд Гай Руберт Бэрримэн (Guy Rupert Berryman) Басс гитарчин 1978 оны 4 сарын 12 (1978-04-12) (
  1. REDIRECTЗагвар:25 настай), Шотланд,Киркалди
Вилл Чэмпион
(Will Champion)
Англи Виллиам Чэмпион (William "Will" Champion) Бөмбөрчин 1978 оны 7 сарын 31 (1978-07-31) (
  1. REDIRECTЗагвар:25 настай), Англи, Соутхэмптон

Coldplay хамтлагийн гишүүд Viva la Vida аялан тоглолтын үеэр (2008-2009)

Студи цомгууд

Аялан тоглолтууд

[засварлах | кодоор засварлах]

Нэр дэвшсэн шагнал болон номинацууд

[засварлах | кодоор засварлах]

Coldplay хамтлаг замналынхаа туршид олон хөгжмийн шагнал хүртсэн байдаг. Жишээбэл "Brit Awards" шагналыг 9 удаа, үүнээс Британийн шилдэг хамтлагаар 4 удаа, MTV Video Music Awards-ыг 6 удаагийн хүртээд зогсохгүй, Грэмми Авардсын 32 номинацад нэр дэвшин 7-д нь ялалт байгуулжээ. 2009 он тэдний хувьд хамгийн амжилт арвинтай жил байсан ба 51 дэх удаагийн Грэмми Авардст 7 төрөлд нэр дэвшиж, 3-т нь ялалт байгуулсан байна. Үүгээр ч зогсохгүй тэд дэлхийн хамгийн их борлуулалттай уран бүтээлчдийн нэг болсон байна. Coldplay хамтлаг нь дэлхий даяар нийт 100 гаруй сая бичлэгээ борлуулсанаас 75 сая гаруй цомгийн борлуулалт билээ.

  1. "Coldplay - Midnight". Indie Shuffle. Татаж авсан: 25 February 2014.
  2. "'Coldplay announce new album Ghost Stories, release first single "Magic"'". Consequence of Sound. Татаж авсан: 3 March 2014.
  3. Wilson, Jess. "Chris Martin was desperate for his bandmates to write Coldplay songs for Ghost Stories". Daily Mirror. Trinity Mirror. Татаж авсан: 17 March 2015.
  4. "Reviews for Ghost Stories by Coldplay - Metacritic". Metacritic. 19 May 2014. Татаж авсан: 6 August 2014.
  5. Daisy Wyatt (3 July 2014). "Coldplay's Ghost Stories named best-selling album of 2014 so far". The Independent. Татаж авсан: 4 December 2014.
  6. Keith Caulfield (28 May 2014). "Coldplay's 'Ghost Stories' Starts at No. 1 With Biggest Debut of 2014". Billboard. Татаж авсан: 4 December 2014.
  7. "Sam Smith nabs Grammy nominations". BBC. Татаж авсан: 11 December 2014.
  8. 8.0 8.1 "Coldplay Monkeys Around in 'Adventure of a Lifetime' Video: Watch". Billboard.com. 27 November 2015. Татаж авсан: 28 November 2015.
  9. Finn, Timothy (16 August 2017). "Coldplay unleashes a visual feast during spectacular show at a sold-out Sprint Center". The Kansas City Star. Татаж авсан: 20 August 2017.
  10. "Coldplay to debut new song for Estamos Unidos Mexicanos concert". 4 October 2017.
  11. Connick, Tom (17 November 2017). "Coldplay's 'A Head Full Of Dreams' world tour becomes third highest-grossing of all time". NME. Татаж авсан: 19 November 2017. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)
  12. 12.0 12.1 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named ELo
  13. Ehlrich, Brenna (26 September 2019). "Metallica, Billie Eilish, Miley Cyrus to Play 10-Hour Worldwide Concert". Rolling Stone. Татаж авсан: 26 September 2019.
  14. "Coldplay: "Higher Power," Max Martin, and Eco-Friendly Tour | Apple Music" – via www.youtube.com.
  15. "Coldplay announced as opening act for 2021 BRIT Awards". NME (британи-англи хэлээр). 4 May 2021. Татаж авсан: 6 May 2021.
  16. "Glastonbury Festival announces livestream with Coldplay, Damon Albarn, HAIM and more". The Music Network. 31 March 2021. Татаж авсан: 6 May 2021.
  17. Media, CPing (22 May 2021). "Coldplay's "Music of the Spheres" intro into #HigherPower #LiveAtWorthyFarm #Glastonbury". Twitter (америк-англи хэлээр). Татаж авсан: 22 May 2021.
  18. https://www.youtube.com/watch?v=3lfnR7OhZY8
  19. "Official Albums Chart Top 100 | Official Charts Company". www.officialcharts.com (англи хэлээр). Татаж авсан: 2021-10-30.
  20. "Coldplay claim fastest-selling album of 2021 so far". www.officialcharts.com (англи хэлээр). Татаж авсан: 2021-10-30.
  21. "Coldplay". Billboard. Татаж авсан: 2021-10-30.
  22. "Coldplay Dominates Billboard Rock Albums & Alternative Albums Charts | Billboard News". Billboard. Татаж авсан: 2021-10-30.
  23. Brownlie, Lauren (14 October 2021). "Coldplay announce Glasgow show as part of new world tour". Glasgow Times. Татаж авсан: 14 October 2021.
  24. "Grammy Nominations 2022: See the Full List Here". Pitchfork (америк-англи хэлээр). 2021-11-23. Татаж авсан: 2021-11-23.
  25. Brandle, Lars (December 23, 2021). "Coldplay's Chris Martin Hints at Retirement". Billboard. Татаж авсан: December 23, 2021.
  26. "BBC Radio 2 - Jo Whiley, Christmas With Christ Marton". BBC UK (британи-англи хэлээр). Татаж авсан: 2021-12-23.{{cite web}}: CS1 maint: url-status (link)