Jump to content

Катыний хядлага

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Катыний хядлага гэдэг нь Зөвлөлтийн НКВД-гийн (Дотоод явдлын ардын комисариат) лагеруудад байсан 22 мянган польш хүмүүсийг 1940 оны дөрөв, тавдугаар саруудад буудан устгасан цуврал үйлдлүүдийг хэлдэг.

Зөвлөлт-Германы хуйвалдаан

[засварлах | кодоор засварлах]

ЗХУ, Нацист Герман хоёр 1939 оны наймдугаар сарын 23-нд “Риббентроп-Молотовын гэрээ” гэх харилцан үл довтлох гэрээнд гарын үсэг зурав. Энэ гэрээний нууц протоколд дайны өмнөх Польш улсын газар нутгийн зүүн хэсгийг Зөвлөлт авна гэж заасан байв. Гитлерт бол тэр нууц протокол нь Польшид довтлох саадыг авсан хэрэг байлаа.

Дэлхийн хоёрдугаар дайны эхэн болон зөвлөлт-Германы хамтын ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

1939 оны есдүгээр сарын 1-нд Герман Польшид довтолсноор дэлхийн II дайн эхлэв. Польшууд Германы армитай 17 дахь хоногтоо цус асгаруулсан тулалдаан хийж байхад баруун талаас нь Зөвлөтийн Улаан арми /Уг Польштой бас харилцан үл довтлох гэрээтэй байсан хэрнээ/ Польшид нэвтрэн оров. Зөвлөлтийнхөн Гитлертай байгуулсан нууц протоколынхаа дагуу үүнийг хийжээ. Зөвлөлтийн үзэл сурталын машин Улаан армийн ажиллагааг баруун Украин ба баруун Белоруссийг чөлөөлсөн аян гэж нэрлэж байв.

Улаан армийн довтолгоо польшуудад гэнэтийн болсон ба зарим хүмүүс түүнийг Германы түрэмгийллийн эсрэг чиглэгдсэн гэж байжээ. Польш хоёр фронтод тэмцэлдэх чадваргүйг ойлгосон Польшийн ерөнхий командлагч Улаан армийн эсрэг тулалдах тушаал өгөөгүй ба зөвхөн зэвсгийг нь хураах оролдлого хийвэл эсэргүүцэл үзүүлэхийг зөвшөөрсөн байлаа.


Зөвлөлт-Польшийн харилцаа

[засварлах | кодоор засварлах]

Германы арми 1941 оны зургадугаар сарын 22-нд Зөвлөлтөд довтолсны дараа Лондонд байсан Польш, Зөвлөлтийн Засгийн газрын хооронд хэлэлцээр болж 1939 оны наймдугаар сард Зөвлөлт-Германы хооронд байгуулагдсан харилцах үл довтлох тухай гэрээг хүчингүйд тооцон харин Польш-Зөвлөлтийн хооронд дипломат харилцаа тогтоожээ. Мөн Зөвлөлтөд Польшийн армийг байгуулахаар болжээ. Энэ хэлэлцээрээр Польшийн цэргийн олзлогдогсод ба харигслалд өртсөн бусад иргэдийг тусгай лагерь болон тусгай суурингуудаас чөлөөлөхөөр болсон байна. Үүний дараа ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн 1941 оны наймдугаар сарын 12-ны өдрийн зарлигаар лагерь болон тусгай суурингийн хоригдол польшуудад өршөөл үзүүлсэн байв. Тийм хүмүүсийн тоо 390 мянга орчим байсан ба Польшийн армийг байгуулахдаа тэднээс бүрдүүлэх болжээ. НКВД-гийн Лубянкийн дотоод шоронгоос суллагдсан генерал Владислав Андерс, Польшийн армийн командлагчаар томилогджээ. 1941 оны намар, 1942 оны хавар генерал Андерсийн армийг байгуулж буй газар ирээгүй хэдэн мянган Польш цэргийн талаар Польшийн албан ёсны хүмүүс мэдээлэл өгөхийг шаардаж байв. Зөвлөлтийн тал тэдний тухай мэдээлэл байхгүй гэсэн хариулт өгч байлаа. 1941 оны арванхоёрдугаар 3-нд Кремльд Польшийн ерөнхий сайд ба генералуудтай уулзахдаа Сталин тэр хүмүүсийг Манжуурт гарсан байх гэж хэлж үзжээ. 1942 оны зуны сүүлчээр Андресийн арми Дундад Азид хангамж муу гэсэн шалтгаанаар Иранд гарсан ба тэндээсээ холбоотны цэргийн хамт Италийг гитлерчүүдээс чөлөөлөхөд оролцсон байна.

Польший олзлогдогсодын эмгэнэлт түүх

[засварлах | кодоор засварлах]

Польший эсрэг германтантай хамтран довтолсон зөвлөлтийн эсрэг Польшийн армийн цөөн хэсэг Улаан армид эсэргүүцэл үзүүлсэн ба 1939 оны сүүлчээр Улаан армид 240-250 мянган польш цэрэг, офицер, цагдаа ба хилийн цэрэг шоронгийн харгалзагч зэрэг олзлогдсон байжээ. Ийм олон хүийг хооллож, байр сууцаар хангах нь хэцүү байсан учир жирийн цэрэг бага дарга нарыг суллан гэр гэрт нь буцааж, үлдсэнийг нь Зөвлөлтийн НКВД-гийн хэдэн лагеруудад илгээсэн юм. Гэтэл эдгээр лагерууд нь дүүрсэн байсан учир 1939 оны арав, арваннэгдүгээр сард Зөвлөлтийн харъяанд нэгдэн орсон газар нутгийн хүмүүсийг суллажээ. Харин немцүүдийн эзэлсэн нутгийн польшуудыг өөрсдийн эзэлж авсан Польшийн армийн албан хаагч украин ба белоруссийн цэргийн албан хаагчдаар германчуудтай солилцоо хийсэн аж.

Германчуудтай тохиролцсоны дагуу тэр солилцоонд энгийн дүрвэгсэд ч хамрагдсан байна. Тэд Зөвлөлтийн нутагт 1940 оны хавар хүртэл ажиллаж байсан Германы комисст хандан асуудлаа шийдүүлж болох байжээ. Харин Зөвлөлтийн олзонд 25 мянган польш цэрэг, офицерыг үлдээсэн байна. Мөн гэрт нь тарааж, Германтай солилцох боломжгүй армийн 8,5 мянган офицер олзонд үлджээ. Тэднийг Старобельск болон Козельскийн шоронд хорьсон ба бас хилийн цэргийнхэн болон цагдаагийн 6,5 мянган хүнийг Калинины хорих лагерьт хорьж байжээ.

Лагерьт булаан эзэлсэн нутгийнхаа Польшийн төр, захиргааны ажилтнууд, улс төрийн намын гишүүд, газрын эзэд, бизнесмен зэрэг олон хүнийг баривчлан хорьж байлаа. Ялыг нь сонсготол тэднийг Украин, Белорусийн баруун хэсгийн шоронгуудад хэдэн сараар хорьж байжээ. 1940 оны гуравдугаар сарын 5-нд Бүх Оросын коммунист (большвикуудын) намын Төв хороо “лагерьт хоригдож байсан 14700 офицер, албан хаагчид, газрын эзэд, цагдаагийнхан, тагнуулчид, шоронгийн харгалзагч нарыг” буудах тушаал гаргасан байна. Мөн Украин, Белорусийн баруун мужуудын шоронгийн 11 000 хоригдлыг буудахаар болжээ. Улс төрийн товчооны шийдвэрийн үндэс нь Зөвлөлтийн Дотоод яамны ардын комиссар Л.Бериягийн И.Сталинд бичсэн зурваснаас болжээ. Польшийн олзлогсод ба хоригдлуудын тэр ангилалын хүмүүс “зөвлөлт засгийн эвлэршгүй бөгөөд засрашгүй дайснууд учраас” тэднийг буудах хэрэгтэй гэж Л.Берия бичсэн байлаа. Улс төрийн товчооны хуралдааны протоколд Л.Бериягийн зурвасын сүүлчийн хэсгийг үгчлэн буулгасан байна.

1939 оны есдүгээр сард Улаан армид олзлогдсон 14552 польш офицер ба цагдаагийн ажилтнууд НКВД-гийн гурван лагерьт хоригдож байсан юм. -Козельскийн лагерийн 4421 хоригдлыг 1939 оны есдүгээр сард Смоленскийн ойролцоох Хатынийн ойд Гнездово станцаас хоёр км-ийн цаана буудан хөнөөгөөд булжээ. -Осташковын лагерийн 6311 хоригдлыг Калининд мужид буудан хөнөөж Медный гэх газар булсан байв -Старобельскийн лагерийн 3820 хүнийг Харьковт буудан булжээ -Украин, Белорусийн баруун мужуудын шоронд байсан 7305 польшийг Киев, Харьков, Херсон, Минскт хөнөөн устгасан бололтой. Хуучин Зөвлөлтийн баруун хэсгийн шорон гянданд хичнээн хүн хаана үрэгдсэн нь өнөөг хүртэл тайлагдаагүй нууц чигээрээ үлджээ. Хэдхэн хоногийн өмнө амь үрэгдсэн Польшийн ерөнхийлөгчийн Хатынийн гашуудал дээр хэлж амжаагүй үгэнд нь НКВД-гийн бүх архивыг нээж хэргүүдийг тодорхой болгохыг Оросын удирдлагад уриалсан байжээ. Катыньд хамгийн анх 1943 онд польш офицерүүдийн булшийг олж илрүүлсэн юм. Энэ нь тэрхүү хар өдрүүдийг гэрчлэх булш болжээ

ЗХУКН-ын Төв хорооны шийдвэрт дурдагдсан хүмүүсийг цаазлан хороох ажиллагааг тэр жилийнхээ дөрөв, тавдугаар сард гүйцэтгэжээ. Козельск, Осташковск, Старобельскийн олзлогсдын 395 хүнээс бусдыг нь зуу зуугаар нь Смоленск, Калинин, Харвьков мужийн НКВД-гийн газар илгээж, тэднийг хүрэлцэн ирэнгүүт нь цаазалж байжээ. Үүнтэй зэрэгцэн Украин, Белорусийн баруун мужуудын хоригдлуудыг буудан хороож эхэлжээ. Үлдсэн 395 хүнийг нь Сталинградын дэргэдэх лагерь байлгаж байгаад 1941 оны наймдугаар сард Польшийн армийг бүрдүүлж эхлэхэд армийн командлалд нь шилжүүлсэн түүхэн баримт бий. Польшийн офицеруудыгг цаазалж эхэлсний дараа тэдний гэр бүлийнхэнийг Казахстанд нүүлгэх ажиллагааг 1940 оны дөрөвдүгээр сарын 13-нд эхлүүлсэн байлаа.

Дэлхийн олон нийтэд ил болсон нь болон түүхэн үнэнийг тогтоох ба нуух оролдогууд

[засварлах | кодоор засварлах]

Катыньд зөвлөлт засгийн буудан хороосон польш офицеруудын булшийг олсноо германы радио 1943 оны дөрөвдүгээр сарын 13-нд зарласан бөгөөд тэдний нэрсийн жагсаалтыг Польшийн хотуудад чанга яригчаар уншин сонсгож байв. Харин Зөвлөлтийн мэдээлэх товчоо үүнд дөрөвдүгээр сарын 15-нд албан ёсоор няцаалт хийж, тэдгээр амь үрэгдсэн офицерууд бол 1941 оны зун Смоленскаас баруун тийш хамгаалалтын барилгын ажилд дайчлагдаж байгаад германчуудад олзлогдсоныг гитлерчүүд буудан устгасан гэж мэдэгдэж байв. Польшийн улаан загалмайн техникийн комиссийн тусламжтайгаар булшны малтлагыг 1943 оны гуравдугаар сарын сүүлчээс зургадугаар сарын эхэн хүртэл хийж 4243 хүний цогцосыг гаргаад тэндээс олдсон бичиг баримтаар нь 2730 хүний нэр хаягийг тогтоосон байна. Дараа нь цогцсыг анхны байсан газрын дэргэд нь нийтийн оршуулгын газарт нутаглуулжээ. Энэ малтлагын үр дүнг тэр жилдээ Берлинд хэвлүүлсэн “Amtliches Material zum Massenmord von Katyn” номонд өгүүлсэн байв. Булшийг нээхэд олдсон баримт бичгийг германчууд Краковын шүүх эмнэлэгийн институтад дамжуулан өгснийг 1944 оны зун германчууд аваад явжээ. Харин цөөн материалыг л нууж үлдсэн гэх яриа байдаг. Өөр нэг хувилбар нь Краковыг бөмбөгдөх үеэр шатсан ч гэдэг. Улаан арми Смоленскийг есдүгээр сарын 25-нд чөлөөлсний дараа Зөвлөлтийн тал хэргийг германчуудад тохохоор өөрийн комиссийг байгуулсан байна. Германчуудын дахин малтлага хийж чадаагүй булшнаас 1380 хүний үлдэгдлийг гаргаж олдсон баримтаар нь 22 хүний нэрийг тогтоосон байв.

“Известия” сонин 1944 оны нэгдүгээр сарын 26-нд академич Бурденкогийн комиссийн албан ёсны дүгнэлтийг нийтэлжээ. Уг дүгнэлтэд Смоленскаас баруун тийш байсан гурван лагерьт хоригдож байсан польшууд германчууд ирэхэд тэндээ үлдсэн боловч 1941 оны намар нь тэднийг гитлерчүүд буудан хороосон гэж бичжээ.

Үүнийгээ “хуульчлахын тулд” тэд Нюренбергийн олон улсын шүүхийг ашиглах гэсэн боловч олон улсын шүүх түүнийг баримт нотолгоогүй гээд хүлээн авсангүй. КГБ-гийн дарга А.Н.Шеляпин 1959 оны гуравдугаар сард ЗХУКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.С.Хрущевт ирүүлсэн нууц зурвасдаа хуучин хөрөнгөтөн Польшийн офицер, жандарм, цагдаа нарын 14552 олзны хүн ба Баруун Украин, Белоруссийн шоронд хоригдож байсан 7305 хүнийг, мөн түүн дээр Хатынийн ойд буудуулсан 4421 хүнийг Төв хорооны Улс төрийн товчооны 1940 оны шийдвэрээр буудан устгасан учир тэдний хэргийг устгах санал тавьсан байв. Гэтэл ЗХУ-ын ГХЯ 1980-аад он хүртэл нэг биш удаа польшуудыг гитлерчууд хөнөөсөн гэж зүтгэж байлаа. “Худал Катынь” бол Зөвлөлтийн талаас дэлхийд өөрсдийн хувилбарыг үнэн гэж харуулах оролдлогоос гадна Зөвлөлтийн суулгасан Польшийн коммунист засаглалын дотоод бодлогын нэг элемент байлаа. Мөн энэ бодлогын нэг чиглэл нь Лондон дахь Засгийн газарт захирагдаж байсан гитлеризмын эсрэг өргөн олны нууц хөдөлгөөний Крайовой Арми (АК) байгууллагын үйл ажиллагааг доош хийн муулан буруутгах явдал байлаа. Лондон дахь Польшийн Засгийн газар Хатынийн ойгоос олдсон Польш офицерийг хөнөөсөн хэргийг мөрдөх хүсэлтээ Олон улсын улаан загалмайд 1943 онд гаргасны дараа ЗХУ тэднээс холбоогоо таслажээ.

Зөвлөлтийнхөн тэднийг буудсан хэргээ хагас зуун жилийн дараа 1990 оны дөрөвдүгээр сарын 13-нд хүлээн зөвшөөрсөн юм. Энэ хэргийг “сталинизмын хамгийн хүнд гэмт хэргийн нэг” гэж нэрлэсэн байв. Тэр үед Зөвлөлтийн Ерөнхийлөгч М.Горбачев, Польшийн ерөнхийлөгч В.Ярузельскийд буудагдсан офицеруудын нэрсийн жагсаалтыг дамжуулан өгсөн байна. Гэхдээ нэрсийг нь зуу зуугаар нь лагериас ачуулж байсан хүмүүсийн нэрсээр өгчээ. Тэр жилд Харьковын прокурор Харьков хотын ой цэцэрлэгийн бүсээс олдсон булшаар НКВД-гийн удирдлага агсан Берия, Меркулов ба олзны цэргийн асуудал хариуцсан НКВД-гийн газрын дарга агсан Сопруненко, Старобельскийн лагерийн дарга агсан Бережков болон бусад ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэсэн байлаа. 1990 оны зургадугаар сард Калинин мужийн прокурор Польш офицерудыг хорьж байсан Осташковын лагераас сураггүй болсон польшуудын хэргээр бас нэг эрүүгийн хэрэг нээсэн юм. Энэ хоёр хэргийг Цэргийн ерөнхий прокурорын газар нэгтгэн №159 дугаартай хавтаст хэрэг нээн Цэргийн ерөнхий прокурор мөрдөн байцаах ажлыг эхлүүлжээ. Тэд польш мэргэжилтнүүдийн хамт Харьковын ойн бүс, Тверь мужийн Медное суурингийн дэргэд ба Катынийн ойд хэсэгчилэн булшийг нээсэн байна. Үүний гол үр дүн нь Старобельск ба Осташковскийн лагеруудын польшуудыг буудан булсан газрыг тогтоосон хэрэг болсон байна. Жилийн дараа дээр дурдсан Төв хорооны Улс төрийн товчооны шийдвэр зэрэг шинэ баримтыг Ерөнхийлөгч Б.Ельцин Польшид шилжүүлэн өгчээ. 1993 оны наймдугаар сарын 25-нд Оросын ерөнхийлөгч Б.Н.Ельцин Варшав дахь “Повонзки” гэх дурсгалын оршуулгын газар дахь Катынийн хохирогчдын хөшөөний өмнө өвдөг сөгдөн “Уучлаарай биднийг...” гэж хэлжээ.

Украин 1994 онд Польшид баруун муждаа цаазлагдсан 3435 хүний нэрсийн жагсаалтыг өгсөн ба тэр нь “Украиных” гэсэн тодотголтой болжээ. Харин Белорусийн жагсаалт сураг чимээгүй байгаа. Тэнд 3870 хүний нэрс байх ёстой. Одоо “Хатынийн гэмт хэргийн” 17987 хүний жагсаалт гарсан байна. Харин Баруун Белорусийн шоронгийн 3870 хүн нэргүй хэвээр үлджээ. Олзлогдсон польшуудаас буудуулсан 14552 хүний булш тодорхой болсон байгаа. 2000 онд буудагдсан хүмүүсийн оршуулга дээр польш-украин, польш-оросын дурсгалын цогцолбор байгуулжээ.