БНХАУ-ын Улсыг аюулаас хамгаалах яам
БНХАУ-ын Улсыг аюлаас хамгаалах яам (хятад. хялб. 国家安全部, пиньинь Guójiā Ānquán Bù, англи. The Ministry of State Security) —БНХАУ-ын гадаад тагнуулын болон дотооддоо сөрөх тагнуулын үйл ажиллагаа явуулдаг гүйцэтгэх засаглалын байгууллага. Дэлхийн хамгийн том бөгөөд нууцлаг тагнуулын байгууллагуудын нэг бөгөөд төв байр нь Бээжингийн Хайдян дүүрэгт байрладаг. Мөн Хятадын бүх муж, хот, хотын захиргаа, тосгоны түвшинд хагас бие даасан салбаруудтай.
Түүх
[засварлах | кодоор засварлах]БНХАУ 1949 онд байгуулагдахаас өмнө Улсыг аюулаас хамгаалах яамны үүргийг Хятадын Коммунист намын дэргэдэх тагнуулын үйл ажиллагаа эрхэлж байсан гол Шэхуэйбу (хятад. 中央 社会 部) гэх байгууллага байжээ.
Тус тагнуулын байгууллагыг 1937-1945 оны Хятад-японы дайн болон Хятадын иргэний дайны үед Кан Шэн (хятад: 康生; pinyin: Kāng Shēng; 1898 –1975) удирдлага дор Шаньси мужид төвлөрөн байрлаж байжээ. 1949 онд БНХАУ байгуулагдсаны дараа Шэхуэйбу-гийн голлох зарим ажилтнууд Хятадын Төв Засгийн газрын Нийгмийг аюулаас хамгаалах яамны удирдах албан тушаалд, зарим нь Хятадын Ардын Чөлөөлөх Армийн тагнуулын нэгжүүдэд хувиарлагдан очсон бөгөөд сүүлд 1955 онд Хятадын Коммунист намын Төв хорооны дэргэд шинээр байгуулагдсан тагнуулын—Эрэн сурвалжлах Товчоо («Жунъюн Дяочабу»)-д мөн нэг хэсэг нь орсон байна.
ХКН-ын дэргэдэх Эрэн сурвалжлах товчоо болон Нийгмийг аюулаас хамгаалах яамны сөрөх тагнуулын хэлтсүүдийг нэгтгэж 1983 оны 6-р сарын 6-нд БНХАУ-ын Улсыг аюулаас хамгаалах яам байгуулагдаж 7-р сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Яамыг байгуулах нь БНХАУ-ын янз бүрийн улсын аюулгүй байдал, хил хамгаалах байгууллагуудын гүйцэтгэдэг тагнуул, сөрөг тагнуулын чиг үүргийг төвлөрүүлэх зорилготой байсан ажээ.
Зорилго
[засварлах | кодоор засварлах]- Хятадын нутаг дэвсгэр дээр сөрөг тагнуулын чиг үүргийг гүйцэтгэх, БНХАУ-ын эсрэг гадаадын тагнуулын байгууллагын хорлон сүйтгэх үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох;
- Хятадын боломжит дайснуудын талаар тагнуулын мэдээлэл цуглуулах;
- Цэрэг-техник болон бусад бүх салбарт гадаадын дэвшилтэт технологийн талаарх мэдээлэл олж авах;
- Гадаад бодлого, бизнес, худалдаанд төрийн ашиг сонирхлыг хангах;
- Олон улсын терроризмтой тэмцэх, дотоод салан тусгаарлах үзэл, шашны хэт даврагч үзэлтэй тэмцэхэд оролцох;
- Гадаадад байгаа хятад оюутнууд болон тэрс үзэлтнүүдийн бүлэгт хяналт тавих.
- Улсын хил хамгаалах үйл ажиллагаанд оролцох.
Яамны сайд нар
[засварлах | кодоор засварлах]- Лин Юнь (1983—1985)
- Ця Чуньван (1985—1998)
- Сюй Юнъюэ (1998—2007)
- Гэн Хуэйчан (2007—2016)
- Чэнь Вэньцин (2016—2022)
- Чэнь Исинь (2022-)