Jump to content

Аттила хаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Аттила (лат. Attila, грек. Ἀττήλας, ? - 453) нь 434-444 онд дүү Бледагийн хамт, 444-453 онд нас барах хүртлээ Гуннугийн эзэнт улсыг ганцаар захирч байсан хаан юм. Гунну нар Хүннүгийн удам угсаа мөн эсэх талаар судлаачдын дунд янз бүрийн үзэл онол байдаг. Хүннүгийн зарим хэсэг баруун зүг рүү нүүдэллэж явахдаа олон угсааны овог аймгуудтай холилдож, Европт очих үедээ өвөрмөц хэв шинж бүхий тусгай ард түмэн болсон байх магадлалтай.

Баруун зүгт одсон гунну нар баатар гавьяа ихийг байгуулжээ. Гал мэсэн дундуур нүүдэллэн явсаар Ижил мөрний хавьд Гуннугийн эзэнт улсаа байгуулан суусан. Дараа нь ахин нүүдэллэж, Дунайн Гунну улсыг байгуулсан юм. Чингэх замдаа түрэг, иран, угор олон хүн ардыг дагуулан уусгажээ.

Аттила

Мөн Герман, Кельт, Франк, Слав, Алан, Лесгин зэрэг одоогийн Европ нарын өвөг овог аймгуудтай дайтаж, тэднийг буулган аваад (энэ тухай Нибелунгийн дуулал хэмээх туульсын зохиол зохиогджээ), улмаар түүхэндээ дэлхийн ноён гэгдэж, хандсан зүгтээ дайлж, өрнө дахины соёл иргэншлийн өлгий гэгдэх Бага Ази, Европ, Умард Африкийн эргийн улс үндэстнийг ирт мэс, исгэрэх сумаар буулган авч, хүн ардыг боол болгож асан, хожим нь Византи, Ром хэмээн хоёр хуваагдсан хүчирхэг гүрнүүдтэй нүүр тулж, ялан дийлж, аль алинаар нь алба бариулж байв.

Хожим "Тэнгэрийн ташуур" гэгдсэн агуу байлдан дагуулагч Аттила Европын улс төрд багагүй нэр нөлөөтэй байв. Ордны хуйвалдаанаас болж Византид цөлөгдсөн Ромын Гонория гүнж өөрийг нь чөлөөлбөл хатан нь болохоо илэрхийлж байсан. Хэрэв Гонория гүнжтэй гэрлэвэл Ром, Византид ноёрхох боломж нээгдэх байлаа. Энэ асуудлаас болж Аттила Ромтой дайсагналцаж их дайнд мордох аяны шалтаг болов. Зарим түүхэнд өгүүлснээр хэрэв гунну нарын дунд өвчин гараагүй бол ялах байжээ. Юутай ч урьд дээрх овог аймгууд өөр хоорондын дайсагналаа зогсоож, хүннү нарын эсрэг нэгдэн Атилла хааныг одоогийн Бельгийн зүүн нутагт бут цохисон ажээ. Ромын пап тэргүүтэй төлөөлөгчид ирж хүндлэл үзүүлснээр найрамдлын гэрээ тогтоосон. Дунайн гунну нар Францын нутагт ч цөмрөн орж байжээ.

Аттила хааныг их эрдэнэсийнх нь хамт нэгэн голын усан дор оршуулсан гэдэг. Тэр нууцлаг газар одоо хүртэл тодорхойгүй.

Хүннү нар ард түмнүүдийн их нүүдлийн эхийг тавьж, Евразийн улс төр, угсаатны дүр зургийг багагүй өөрчилсөн, Ромын дарангуйллыг унагааж, олон ард түмнийг чөлөөлсөн авч энэ үеэс өрнө дахиныг мунхруулсан 1,000 жилийн шашны ноёрхол буюу дундад зуун эхэлжээ. Юутай ч тэртээ дорно зүгт сяньби нарт цохигдон сарнисан өмнөд хүннү нар 10,000 км-ийн алсад, өөрсдөд нь цохигдон ухарсан садан төрөл умард хүннү нарын удам угсаа болох гунну нар Өрнө дахинд алдар нэрээ дуурсгаж байдаг юм.