Суварга
Суварга гэдэг нь гол төлөв Буддын шашны дурсгалын хөшөө, эсвэл ариун шүтээнийг агуулах, дош хэлбэрийн байгууламжийг хэлнэ. Монголд бол дөрвөлжин, дугуй, хагас дугуй, гурвалжин, соёмбо зэргийг давхарлан үелүүлж босгосон сүм хийдийн тахил мөргөлийн шүтээнийг хэлдэг. Суварга мөн Бурхны шашны дурсгалын хөшөө, үнэт зүйл агуулах уран барилгын нэг төрөл юм.
Суварга бүтээхийн ач тус: Суварга бүтээснээр буян үйлдэж буй ач тус агаад гэгээрэлд дөтлөн хүрэх замд өнөөг хүртэл төөрч ирсэн төөрөгдлөөс аварч байгаа хэрэг гэж үздэг юм. Суварга бүтээснээр хүмүүн бид өөрсдийхөө бурханлаг чанарыг нээж, түүнийг сэвтүүлж буй гэмийг ариусган, мууг сайнд урвуулан, эрдэм болгоныг гүйцээж, хоосон чанар хийгээд билиг оюуныг олох гэгээн үйлсийг бүтээж буй хэмээн ойлгох нь зөв ажээ. Суварга бүтээхийн өмнө газраа зөв шинжин сонгож, бэлгэдэл төгс өдөр эхэлбэл зохино. Буруу хэмжээсээр үйлдвээс тухайн газар нутгийн хүн ард зовлонд учрах үүдийг нээж болзошгүйг анхаарах хэрэгтэй. Аливаа суварга нь суурь баригч арслан ширээ, угийн суварга, үрийн суварга гэсэн бүрдэлтэй. Мөн өмнө нь бүтээсэн суваргыг сэргээж босгох нь суварга шинээр барихтай адил бөгөөд эвдрэл гэмтлийг засан үйлдвээс энэ насандаа үйлдсэн дөрвөн нүгэл өршөөгдөж, юу хүссэн сэтгэл бүтнэ гэдэг.
Голд нь амин мод суулган заасан ёсоор шүншиг эд өргөж, ганжуур судрыг залах учиртай бөгөөд энэ нь аврал буяны хур бууж шүтээн чанар цогцолдог байна. Суварганы чулуу шороог үүрэн тусалсан хэн бүхэн амин насны хамаг зэтгэр арилж, урт настай удаан жаргалтай, өвчин зовлонгүй болно. Суварганы аливаа зүйлийг урлан үйлдэгч хэн бүхэн энэ болон хойд насандаа ухааны таван орноо мэргэн болно. Суварганы зүгт чиглэн долоон алхам явбал төрөлдөө асар ариун хүний биеийг олж, өөрийн төрлөө дурдан мэднэ. Амаар туслан үйлдэгч хэн бүхэн мэргэдийн эрдмээр чимэгдэх болно. Аливаа хорлолоос суварга бүтээх үйлийг сахин хамгаалагч хэн бүхэн цаг бусын үхлийн хамаг аюулаас гэтлэх болно. Суваргыг бүтээх үйлийг даган баяссан хэн бүхэнд бурханы эрдэм ухаан хоцролгүй хүрч сэтгэлийн угт байнга учрах болно. Суварга бүтээх үйлсийг бие, хэл, сэтгэлээрээ дэмжин ивээн тэтгэж, хандив өргөл өргөж, хамаг ажилд оролцож, сүжиглэн тахих аваас дээдийн буян болно. Бүтээсэн суваргыг эргэж мөргөн, тахил өргөснөөр Гурван цагийн хамаг бурхан, бодь сэтгэлтэн нарын таалал шүтээнд бодитойгоор шингэн оршиж, аливаа үйлс сэтгэлчлэн бүтэх зам мөр бий болно.
Суварганд усан тахил өргөснөөр хэн бүхэн ундаасах өвчингүй төрнө, хүж өргөснөөр хэн бүхэн ариун чанарыг олно, зул өргөснөөр хэн бүхэн мунхаг харанхуйгаас гэтэлнэ, идээ зоог өргөснөөр бүгд самадийн идээгээр амьдрах болно, хөг дуу өргөснөөр номын эгшиг дууг арван зүгтээ дуурсгана, мандал өргөвөөс хоёр чуулганыг огоот төгсөх болно хэмээн номлодог.
Суварганы тухай
[засварлах | кодоор засварлах]Нэг. Бадбүн чоддин (Цэцгэн овоолгот суврага)
Бурхан багшийн эх Майяа хүүхэд төрүүлэх болмогц нийслэл Капилавасту хотоос эцгийнхээ гэрт очихоор явах замдаа Балбын нутаг дахь Лүмбүний цэцэрлэгт хүү төрүүлжээ. Хүү мэндэлсэн газрын зургаан зүгт долоо,долоон алхам газар цэцэг дэлгэрсэн домогтой. Тэр газар нь энэхүү суврагыг босгожээ.
Хоёр. Жанчив чоддин (Бодь мөрийн суврага)
Бурхан болохынхоо өмнө Будда арван төрөл үе дарааллыг нэгэн биеэр үйлдсэний учир нийт олонд бурхан болох нь төгс мэдрэгджээ.Тиймээс зуны эхэн сарын 15-ны өдрийг зургаа хуваасны сүүлчийн нэг дор ‘’Ялж төгс нөгчигсөн бурханы хутгыг олсон’’гайхамшигт үйл явдалд зориулан нийслэл хотноо суварга босгожээ.
Гурав: Чойнхор чоддин буюу Дашичойман чоддин (Номын авшиг буюу өлзийт оршихын үүдэт суварга)
Зуны адаг сарын шинийн дөрвөнд их хот Баранасид өөрийн шавь нарын дотор эх болсон зургаан зүйл хамаг амьтанд бурхан хутгыг олгуулахын тулд номын хүрд эргүүлэх ёслолыг үзүүлсэн газар. Одоо Энэтхэгийн Магадхад очирт суудалд сууж олон түмэнд ном сонсгосон их ёслолд зориулан босгосон суварга.
Дөрөв: Лхавав чоддин (Тэнгэрээс буусан хэмээх суварга)
Бурхан багшийн эх Майяа хүүгээ төрүүлээд долоо хоногийн дараа насан өөд болж 33 тэнгэрийн орноо төржээ. Будда эхээ гээд тэнгэрийн орноо одуулахын тулд тэнд очиж ном хурсан гэдэг. Энэ нь зун намрын сард хурдаг 45 хоногийн хайлан (гэлэн санваартанны хурдаг хурал) юм. Ном айлдаад бурхан багш намрын адаг сарын 22-нд тэнгэрийн орноос бууж ирсэнд зориулсан суварга.
Тав: Дүддүл чоддин (тэрсүүдийг дарагч буюу номын чадлыг үзүүлсэн зориулсан суварга)
Энэтхэгийн Няннёнд гэдэг их хотод бурхан багш номын рид (шид) хувилгааныг өөрийг нь хорлох гэж элдэв арга хэргэлсэн тэрсүүдийн зургаан аймгийнханд үзүүлжээ. Тэд бурханы рид хувилгааныг ихэд бишрэн буцсанд зориулан босгосон суварга.
Зургаа: Гэндүн ендүн чоддин (Хуврагыг зохицуулсан суварга)
Хааны нийслэлд байсан хуврагуудын дунд хагарал гарчээ. Үүүнийг бурханы садангийн Лайжин гэгч зохион байгуулж ‘’Би бол бурханаас хүчтэй,миний сургаалыг дага,би рид хувилгааныг ч үзүүлж чадна’’гэж онгирсон хоосон омог бардамналыг ойлгуулж чадсанд зориулсан суварга.
Долоо: Жиндэв чоддин буюу намжил чоддин (Ариун адист буюу төгс ялахын суврага)
Бурхан багш насан өөд болох цаг нэгэнт болсон үед шавь нар нь өнө удаан залбирч байхыг гуйжээ.’’ Би гурван сараар хойшлуулъя’’ гээд өөрийн биеийг адислаж насаа уртгасанд зориулсан суврага.
Найм: Нирваан буюу Няндай чоддин
Гүши өвс ихтэй Гүша нянрэж дончир хэмээх их хотноо Будда 80 насандаа орчлонд үл үзэгдэх нирваан дүрийг үзүүлэн тэнгэрийн орноо оджээ. Энэ хот бөх олонтой хот бөгөөд суврагыг бөхчүүд босгосон гэдэг домогтой аж.Бурхан багш нирваан дүрийг үзүүлсэнд зориулж босгосон суврага.
Агваанлувсанжамц ’’Суврагны мөргөл’’ судараас.