Jump to content

Эсперанто

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
16:36, 30 Долоодугаар сар 2022-ий байдлаарх Hoshi.sasori (хэлэлцүүлэг | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга
Эсперанто
ЗохиогчЛ. Л. Заменхоф
Тохиргоо ба хэрэглээОлон улсын туслах хэл
Хэрэглэгчид(Унаган хэлтэн: 200 - 1000 (1996, тооцоо); (# чөлөөтэй ярьдаг 200000: тодорхойгүй 20 000 000) cited 1887)
Зорилго
Эх сурвалжҮгийн санг Латин, грек хэл; авиа зүйг энэтхэг-европ хэлнүүдээс
Албан ёсны хэрэглээ
Тохируулагч
байгууллага
Академио де Эсперанто
Томьёолбор
ISO 639-1eo
ISO 639-2epo
ISO 639-3epo

Эсперанто хэл нь түгээмэл тархсан зохиомол хэл бөгөөд Польшийн эрдэмтэн, эмч Лазарус Заменхоф 1887 онд зохиосон. Заменхоф нь Доктор Эсперанто хэмээх нууц нэр ашиглан "Доктор Эсперантогийн олон улсын хэл" хэмээх номоо анх танилцуулснаар уг хэлний түүх эхэлсэн байдаг.

Эсперанто хэлний үийн сангийн ихэнх нь Индо-Европын хэлний язгуурын Роман хэлний бүлгийн хэлүүдийн үг дээр суурилсан байх бөгөөд өгүүлбэр зүй, дүрэмзүй нь Герман хэлний бүлгийн хэлний бүтэц дээр суурилсан байна. Мөн Слав хэлүүдийн дүрэм, авиа дуудах ёсыг шүтсэн байдаг. Уг хэл нь дэлхий даяар нэн түгээмэл тархаж, хамгийн олон ярилцагчтай болж чадсан цорын ганц зохиомол хэл бөгөөд хэдэн мянгаар тоологдохуйц төрөлх хэлний ярилцагчтай цор ганц зохиомол хэл юм.

Уг хэлний тархац нь Европ, Зүүн Ази, Умард Америкт төвлөрч байна. Эсперанто хэлийг албан ёсны хэлээр зарласан улс өдгөө хараахан байхгүй боловч Эсперанто хэлээр хамгийн их ярилцаж буй газар, бүс нутаг бүрийг эсперанто хэлээр "Esperantujo (монгол хэлээр "Эсперантогийн нутаг")" хэмээн нэрлэдэг. Сүүлийн жилүүдэд уг хэлний тархац улам хурдтай нэмэгдэхэд интернэт нэн чухал үүрэг гүйцэтгэж байгаа ба өдгөө Google Translate, Duolingo, Wikipedia зэрэг томоохон платформууд уг хэлийг хэдийн дэмждэг болсон байна.

Түүх

Үүсэл

Эсперанто хэлийг өнөөгийн Польш улсын нутаг, тухайн үеийн Оросын Эзэнт Гүрний Белосток хэмээх сууринд аж төрдөг еврей гаралтай польш нүдний эмч Лазар Заменхоф 1870 оны сүүл, 1880 оны эхээр зохиосон байна. Түүний зорилго бол нэгт, хүмүүс өөр хоорондоо амар хялбар, маш түргэнээр ойлголцож болох хоёрдогч хэлийг бүтээх, хоёрт, хэлээр дамжуулан энхтайванч үзлийг дэлгэрүүлэх, ярилцагчийн хүй олныг бий болгох байсан байна.

Зохиомол хэлэндээ зориулж өгсөн энгийн нэр нь "La Lingvo Internacia" буюу Олон улсын хэл байсан боловч эхэн үеийн ярилцагчид Эсперанто хэмээх нэрийг ихэд сайшаан биширч хэрэглэж эхэлсэн бөгөөд хэл зохиогдсноос хойш 2 жилийн дараа энэхүү нэр нь албан ёсны нэр болсон байна.

Үгийн утгыг үндсээр нь задалбал, Эспер- нь эгээрэх, найдах, итгэх, мөрөөдөх гэсэн утгатай үгийн үндэс, -ант- бол тухайн үйлийг эрхлэгч гэсэн утгыг заадаг дагавар, -о- нь жинхэнэ нэрийн төгсгөл бөгөөд Найдан итгэгч гэсэн үг.

Орчин үе

1954 онд ЮНЕСКО ээлжит чуулганаараа хэлэлцэж, Эсперанто хэл нь олон улсын соёлыг харилцааг өргөтгөн хөгжүүлэхэд хэрэглэх нь нэн чухал гэсэн тогтоолыг гаргасан байдаг. Хэдий тийм боловч эсперанто хэл нь НҮБ-ын албан ёсны хэлний тоонд ороогүй хэвээр байна.

XXI зуун гарсан ч эл хэлний хөгжил, сайжруулалт тасралтгүй үргэлжилсээр байна. Интернэтийн хэрэглээ өсөн нэмэгдсний үр дүнд хэлэнд чухал нөлөө үзүүлж эхэлсэн. Тухайлбал Duolingo ухаалаг утасны хэрэглүүрийг ашиглан эсперанто хэлийг суралцагчид ихэссээр байгаа байгаа Amikumu платформ дээр уг хэлээр ярилцагчид санал бодлоо тасралтгүй солилцож байна.

Албан хэрэглээ

Эсперанто хэл нь хараахан ямар нэг улсын албан болон зөвшөөрөгдсөн бүс нутгийн хэл болоогүй ч хэд хэдэн улсын боловсролын хөтөлбөрт орсон байдаг ба Унгар, БНХАУ-д уг хэлээр сургалт явуулдаг идэвхтэй олон байгууллага, шат шатны боловсролын байгууллагууд бий. Мөн манай улсад "Монголын Эсперанто хэлний байгууллага" байдаг.

Өдгөө албан ёсны хэлээр бүртгэгдээгүй боловч ХХ зууны эхээр байгуулагдаж байсан Мореснет улс нь албан ёсны хэлээрээ 1908 онд Эсперанто хэлийг бүртгэж байв.

БНХАУ-ын төрийн мэдлийн өдөр тумын мэдээ бэлтгэдэг china.org.cn нь 2001 оноос эхлэн эсперанто хэл дээр мэдээ нийтэлдэг болсон ба Хятадын олон улсын радио нь уг хэлээр мөн нэвтрүүлгээ цацдаг. Мөн El Popola Cxinio буюу Хятадын Ардууд хэмээх цахим сэтгүүл мөн бий.

Мөн Ватикан Радио (The Vatican Radio) нь өөрсдийн цахим хуудсаа Эсперанто хэлний хувилбартай болгосон.

Интернэт дэх хэрэглээ

2012 оны 2-р сарын 22-ны өдөр Google Translate дээр нэмэгдсэн 64 дэх хэлээр эсперанто хэл нэмэгдсэн. 2016 онд Yandex Translate сайт мөн эсперанто хэлийг орчуулгын машиндаа нэмсэн.

2015 оны 5-р сарын 28-ны өдөр Duolingo платформ нь англи хэлтнүүдэд зориулсан Эсперанто хэлний үнэгүй хичээлийг оруулж эхэлсэн. Өдгөө Duolingo платформ дээр эсперанто хэлийг сонирхон судалдаг 800,000 идэвхтэй суралцагчтай болсон байна. Суралцагч нь португали, испани, хятад, франц зэрэг хэлүүдээс сонгон эсперанто хэлийг үзэх боломжтой. Одоогоор монгол хэлнээс судлах курс хараахан байхгүй байна.

320,000 өгүүлэлтэй Эсперанто хэлний Википедиа нь нийт Википедиа дундаа 35 дахь хамгийн том цахим нэвтэрхий толь болсон бөгөөд зохиомол хэл дээрх хамгийн том Википедиа болсон юм. Идэвхтэй 150,000 хэрэглэгч Vikipedio дээр өгүүлэл нэмдэг бөгөөд 2019 оны 10-р сарын байдлаар 117,366 давтагдашгүй хэрэглэгчид уг сайтаар зочилсон байна.

Хэлзүйн онцлог

Ангилал

Эсперанто хэлний дүрэм, үгийн сан, авиалах ёс нь Индо-Европын хэлний язгуурын хамгийн нийтлэг гол шинжүүдийг агуулсан байдаг. Үгийн сангийн дийлэнх хувийг Роман гарлын үгс эзэлдэг бол дүрмийн нийтлэг шинжийг Герман хэлний бүлэг болон Слав бүлгийн хэлний ёсноос авсан байдаг. Мөн үлэмжхэн хэмжээний Грек хэлний нөлөө мөн туссан. Өгүүлбэрзүйн хувьд европ хэлүүдийн адил SOV бүтэцтэй. Шинэ үг үүсэхдээ угтвар, дагавар болон нийлмэл үгээс бүтэх аргыг ашигладаг. Үгийн санд нь европ хэлэнд түгээмэл тохиолдох хүйсийн ай байхгүй.

Авиазүй

Эсперанто хэл нь 22-24 гийгүүлэгч, 5 эгшиг, 2 саармаг эгшигтэй ба 6 хос эгшигтэй.

Бичгийн хэл

Үсэгзүй

Эсперөнто цагаан толгой нь латин үсэг суурилсан 28 үсэгтэй бөгөөд зарим үсэгт ◌̆, ◌̂ гэсэн хоёр ялгац тэмдэгтэй 7 үсэг бий. Тэдгээр нь ĉ, ĝ, ĥ, ĵ, ŝ ба ŭ болно. Цахим орчинд эдгээр үсгийг шивэхдээ хэрвээ зориулалтын гарын байрлал байхгүй бол cx, gx, hx, jx, sx, ax гэж бичих боломжтой.

Хүй олон

Эсперанто үнэт өв

Эсперанто хэл Монголд

Монголын анхны эсперанточ Н.Хаянхярваа гэж хүн байжээ. Тэрээр лам хувраг, Богд хаант Монгол улсын тагнуулч, Ардын хувьсгалын дараа Дотоодыг Хамгаалах Газрын дарга, Эрүүлийг Хамгаалах Газрын дарга, Намын сургуулийн захирал, Намын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн, Улсын Их Хурлын гишүүн зэрэг ажил эрхэлж байсан бөгөөд 1920-иод онд Туркт ажиллаж байхдаа эл хэлийг сурсан байна. 1923 онд эх орондоо эргэн ирж хэлээ зааж сургах, гадаадын зохиолчдын зохиол бүтээлийг монголчлох зэргээр Эсперанто хэлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Монголын эсперанточдын гол гол бүтээл туурвил

• Н.Хаянхярваагийн орчуулга “Нүцгэн хаан” Ханс Андэрсэн, ”Бөгтрөгтэй морьхон” Ершов. 1920-иод он.

• Б.Дагва “Монгол-Эсперанто, Эсперанто-Монгол толь”

• Б.Ринчин “Эсперанто хэл өөрөө сурах бичиг”

• Ч.Догсүрэнгийн орчуулга “Фараон” Прус Болеслав. Гурван дэвтэр роман, 1960, 1970, 2000; ”Тамын зовлон эдэлсэн минь” японы баримтат тууж, 1995; ”Дорнодахины охин тэнгэрийн алтан мутрын иллэг” Масаюүки Саионжи. япон бариа заслын ном, 1994; ”Ах дүү хоёр арслан зүрхт” хүүхдийн тууж, 1998; “Эсперанто хэл хорин нэгдүгээр зуунд” Ли Чон Ён, 2002

• Б.Дорж “Арнэ ноёнтон” Сэлма Лагэрлоф. Тууж. 1970

• Ш.Янсанжав “Эсперанто-Монгол толь” 1995, ”Монгол-англи-орос-Эсперанто компьютерийн толь” 2003, ”Монгол-англи-орос-Эсперанто нийгэм, улс төрийн толь” 2005

- "Эсперанто хэл 21-р зуунд" орчуулагч Ч.Догсүрэн, “Esperanto en la 21-a jarcento” LEE Chong-young, 2002, Ulanbatoro .

- Үмэсао Тадао, "Япон орныг тольдохуй" Эсперанто хэлнээс орчуулсан Ч.Энхээ, 2010, Улаанбаатар

Монголын эсперанточдын өнөөгийн үйл ажиллагаа

Монголын Эсперанто хэлний байгууллагын үйл ажиллагаа 1993 оноос идэвхжиж, 2002 онд монголын эсперанточдын анхдугаар Их хурал, 2008 онд хоёрдугаар их хурал болсон. Мөн 2010 онд Азийн эсперанточдын 6-р Их хурал Улаанбаатар хотод Ерөнхий сайдын ивээл доор хуралдаж, 30 орчим орны 200 гаруй эсперанточ оролцжээ. Мөн 2019 онд Олон улсын эсперанточ бизнесменүүдийн холбооны 3-р Чуулганыг Улаанбаатарт амжилттай зохион байгуулав.

Монголын Эсперанто-Нийгэмлэг 2009 онд Дэлхийн Эсперанто-Холбоонд гишүүнээр элссэн. Монголын Эсперанто-Нийгэмлэгийн төлөөлөгч 2013-2019 Азийн Эсперанто-Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2019 оноос өнөөг хүртэл тус байгууллагын тэргүүлэгч гишүүнээр, түүнчлэн 2019 оноос Олон улсын эсперанточ бизнесменүүдийн холбооны Нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Монголын эсперанточид улс орныхоо талаарх мэдээллийг олон улсын Эсперанто сонин, сэтгүүл, вэбсайт, телевиз, радиод тогтмол илгээж, википедиа зэрэг лавлах сайтуудад соёл, түүх, нийгэм, эдийн засгийн мэдээллийг тогтмол шинэчлэн баяжуулсаар ирлээ. Мөн жил бүр Эсперанто хэлтэй жуулчин, аялагчдыг хүлээн авч үйлчилж байна.

Сургалт

• Монгол улсын Их сургуулийн дэргэдэх Эсперанто хэлний 2 жилийн курс, 1982-1984

• Монгол улсын Их сургуулийн дэргэдэх Эсперанто хэлний 2 жилийн курс, 1987-1989

• Монгол мэдлэгийн Их сургуулийн дэргэдэх жилийн курс, 1993-1994

• Их Монгол Дээд сургуулийн дэргэдэх жилийн курс, 1996-1997

• Монголын оюутны Үйлдвэрчний эвлэлийн дэргэдэх 45 хоногийн курс, 1994

• Нийгмийн ухааны Дээд сургуулийн албан сургалт, 2007 оноос жил бүр аялал жуулчлалын хоёрдугаар курсын оюутнууд

• Монгол, японы эсперанточдын зуны уулзалт, 1995-2000, 2003-2007

• Цахим сургалт тогтмол болж байна.

Монголын Эсперанто-байгууллагууд

• Монголын Эсперанто-Нэгдэл, 1970-1991

• Монголын Эсперанто-Холбоо, 1991-2002

• Монголын Эсперанто-Нийгэмлэг, 2003

Мөн үзэх

Цахим холбоос

 Commons: Esperanto – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Эсперанто – Энэ үгийг тайлбар толиос харна уу